Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүйсийн асуудлаар маргаан дэгдээсэн Алжирын тамирчин олимпын алтан медаль зүүлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Парисын зуны олимпын наадмын нэг гол дуулианы эзэн болсон Алжирын тамирчин Иман Хелиф өчигдөр орой эмэгтэйчүүдийн боксын 66 кг-ийн жингийн аваргын төлөө тулаанд Хятадын тамирчин Ян Люг ялж, алтан медалийн эзэн боллоо.

25 настай Хелиф энэ тулаанд дэлхийн аварга Ян Люг 5:0 онооны харьцаагаар илт давуу ялжээ.

Тулааны дүн гарсны дараа Ян өрсөлдөгчийнхөө гарыг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ удаагийн олимпын боксын төрөлд өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүйсийн шалгуурт тэнцээгүй хоёр тамирчин оролцож байгаагийн нэг нь Иман Хелиф юм.

Түүний эмэгтэй хүн мөн эсэх талаар маргаан тэмцээний турш үргэлжилж байгаа.

Хелифийн эхний давааны өрсөлдөгч Италийн Анжела Карини тулаан эхэлснээс хойш 46 секундийн дараа сайн дураараа бууж өгсөн юм.

Тэрбээр амь нас, эрүүл мэндээ бодоод хүч давуу өрсөлдөгчтэй тулалдахаас татгалзсанаа сүүлд тайлбарлаж байв.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүйсийн шалгуурт бүдэрч байсан нөгөө нэг тамирчин Тайванийн Лин Юү Тин өнөөдөр орой мөн алтан медалийн төлөө тулалдах юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Олон Улсын Боксын Холбоо (ОУБХ) зохион байгуулдаг бол зуны олимпын наадмын боксын тэмцээнийг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) зохион байгуулдаг.

ОУБХ-ноос ялгаатай нь ОУОХ хоёр тамирчинд зуны олимпын наадамд өрсөлдөх эрх өгсөн юм.

Баасан гарагийн өглөө ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах одоогоор хүний эрэгтэй, эмэгтэйг баттай ялгаж чадах шинжлэх ухааны үндэслэлтэй систем бий болоогүй байгааг мэдэгджээ.

Хелифийн хоёр дахь давааны өрсөлдөгч Унгарын Анна Лука Хамори уг тулааныг “шударга бус” гэж үзэж байгаагаа илэрхийлж, Унгарын боксын холбоо эсэргүүцэж байлаа.

Гэхдээ тулааны дараа Хамори өрсөлдөгчдөө амжилт хүсэж байв.

Дараагийн өрсөлдөгч Тайландын Жанжаем Суваннафен ямар нэг эсэргүүцэл илэрхийлээгүй ч тулааны дараа ярихдаа “тэр маш хүчтэй эмэгтэй юм” гэж хэлж байжээ.

Харин Лин Юү Тиний хоёр өрсөлдөгч эмэгтэйчүүдийн тэмцээнд эрэгтэй хүн оролцож буйг эрс эсэргүүцсэн үйлдэл гаргасан юм.

Тухайлбал Болгарын боксчин Светлана Каменова Станева, Туркийн боксчин Эсра Илдиз Кахраман нар Тайландын боксчинд ялагдсаныхаа дараа дэвжээн дээр хуруугаараа “X” тэмдэг дүрслэн эсэргүүцлээ илэрхийлжээ.

 

Эх сурвалж: BBC