Уншиж байна ...

АНУ-ын шүүх Google онлайн хайлтын системийн монопол тоглогч болохыг тогтоов

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын шүүхээс Google компанийг хайлтын системийн монопол тоглогч, чөлөөт өрсөлдөөнийг боомилогч гэж дүгнэжээ.

Энэ шийдвэр нь Google-ийн толгой компани Alphabet-ийг бизнесийн загвараа өөрчлөхөд хүргэж болзошгүй юм.

2020 онд АНУ-ын хууль зүйн яам онлайн хайлтын зах зээлийн 90 орчим хувийг хянадаг Google-ийг шүүхэд өгч байжээ.

Онлайн зар сурталчилгааны бизнесээс ихэнх орлогоо олдог Alphabet компанийн хувьд энэ нь маш ноцтой шийдвэр болж байна.

Шүүхийн дараагийн үе шатанд Google болон Alphanet компанид ямар хариуцлага тооцохыг шийдвэрлэх юм.

Шийдвэр яаж гарахаас хамааран компанийг үйл ажиллагааны чиглэлээр нь задлах шаардлагатай ч болж магадгүй.

Шүүгч Эмит Мехта дүгнэлтдээ Google-ийг ухаалаг гар утас болон вэб хөтчүүдийн үндсэн хайлтын систем болохын тулд компаниудад их хэмжээний мөнгө төлдгийг буруутгажээ.

“Google бол монопол тоглогч. Энэ байдлаа хадгалахын тулд их хэмжээний мөнгө зарцуулдаг” гэж шүүгч дүгнэсэн байна.

Alphabet компани шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

“Энэ шийдвэр нь Google хамгийн сайн хайлтын систем болохыг хүлээн зөвшөөрсөн боловч үүнийг хэрэглэгчдэд хялбар арга замаар хүргэх ёсгүй гэсэн утгатай дүгнэлт боллоо” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

АНУ-ын ерөнхий прокурор Мэррик Гарланд шийдвэрийг “Америкийн ард түмний түүхэн ялалт” гэж сайшаажээ.

“Ямар ч компани том, нөлөө бүхий байсан ч хуулиас дээгүүр байх ёсгүй. Хууль зүйн яам монополийн эсрэг хуулийг үргэлжлүүлэн сахиулах болно” гэж тэр мэдэгдсэн байна.

Apple, Samsung, Mozilla зэрэг компаниудын бүтээгдэхүүний үндсэн хайлтын систем болохын тулд Google эдгээрт их хэмжээний мөнгө төлдөг тухай асуудлыг шүүх хоёр сар гаруй хугацаанд хэлэлцсэний эцэст өчигдрийн дүгнэлтийг гаргаж байгаа юм.

Ийм онцгой эрхийг авахын тулд Google дээрх компаниудад жил бүр $10 гаруй тэрбумыг төлдөг ажээ.

Энэ нь бусад хайлтын систем хөгжүүлэгч компаниудад шударга өрсөлдөх боломж олгохгүй байна гэж шүүх үзсэн байна.

Шударга өрсөлдөөнийг хамгаалах үүрэгтэй АНУ-ын холбооны зохицуулах байгууллагууд одоо Фэйсбүүкийг эзэмшигч Мета, Амазон, Apple компаниудтай холбоотой монополийн асуудлыг бас шалгаж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC