Уншиж байна ...

Мэтгэлцээний дараа нэрээ татах шахалттай тулгарсан Жо Байден гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гэр бүлийнхэнтэйгээ Кэмп Дэвидэд уулзсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Өнгөрсөн Пүрэв гарагт Дональд Трамптай хийсэн телевизийн мэтгэлцээний дараа Жо Байдены өндөр настай холбоотой сэдэв хурцаар яригдах болсон юм.

Тиймээс түүнийг улс төрийн амьдралынхаа ирээдүйн талаар гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөн байж болзошгүй гэж зарим ажиглагчид үзэж байна. Энэ цугларалтад тэргүүн хатагтай Жилл Байденаас гадна хүүхдүүд, ач гуч нар нь оролцжээ.

81 настай Жо Байден энэ оны арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж, өрсөлдөх гэж байгаа.

Пүрэв гарагийн мэтгэлцээний үеэр Байдены гаргасан дуу хоолой, царай төрх, хөдөлгөөн сонгогчдын түүнд итгэх итгэлийг нэлээд сулруулсан юм.

Тэрбээр энэ үеэр ихэнхдээ гөлөрсөн царай гаргаж, үе үе яриагаа гэнэт зогсоож, ухаан санаа нь самуурсан мэт харагдаж байлаа.

Маргааш нь Умард Каролинад сонгогчидтой уулзахдаа Байден “Би өмнөх шигээ алхаж чадахгүй, ярьж чадахгүй, мэтгэлцэж чадахгүй болсон байж магадгүй. Гэхдээ би юу хийх ёстойгоо мэднэ. Үнэнийг хэлэх ёстойгоо мэднэ” гэж хэлж байжээ.

Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөх төлөвлөгөөтэй байгааг батлан илэрхийлсэн юм.

Түүний тойрон хүрээлэгчид, Ардчилсан Намын томчууд ч бас ижил утгатай мэдэгдлүүдийг хийгээд байна.

Кэмп Дэвид дэх гэр бүлийн цугларалтыг нь мэтгэлцээнээс өмнө төлөвлөгдсөн байсан тул нэрээ татах тухай ярилцах зорилгогүй гэж Ардчилсан Намын сонгуулийн штаб мэдэгдэж байна.

Амралтын өдрүүдэд Нью-Йорк, Нью-Жерсид хандивлагчидтай уулзахдаа Байден “Бид энэ сонгуульд ялж чадахыг би амлаж байна” гэж хэлж байжээ.

Нэр дэвшигчийг батлах Ардчилсан Намын үндэсний чуулганаар Байден нэрээ татаж болох ч түүний оронд дэвшсэн ямар ч хүн Трамптай илүү өрсөлдөх баталгаа байхгүй юм.

 

Эх сурвалж: The Guardian