Уншиж байна ...

Б.Пүрэвдорж: Сөрөг хүчнээ сайн хий, эрх баригчдад олуулаа хяналт тавь гэж Монголын ард түмэн АН-ыг сонгосон

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон нийтийн цахим сүлжээнд хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудал халуун сэдэв болж буй энэ үед хоёрдугаар тойрогт Ардчилсан Нам(АН)-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл өглөө.

Тэрбээр "2024 оны сонгууль болж дууслаа. Монголын ард түмэн эрх баригчдыг дахин үргэлжлүүлэх, АН-ыг сөрөг хүчнийхээ ажлыг хий гэж сонголоо. 

Тийм учраас энэ сонгуулийн үр дүнг тодорхой хэмжээгээр бид хоорондоо ярилцах ёстой. Хамтарсан Засгийн газар тогтох тухай асуудал савнаасаа хальж, маш их явж байна. 

АН бол дарга шийддэг нам биш. АН бол Үндэсний бодлогын хороогоор асуудлаа шийддэг. Тэгэхээр өнгөрсөн сонгуулиар болсон үр дүнг Үндэсний бодлогын хороон дээр ярьж, алдаа оноогоо дүгнэнэ. 

Цаашдаа хамтарсан Засгийн газар тогтох тухай асуудлыг ярих ёстой. Монголын ард түмэн ус тосоор нь ялгаж өгсөн байгаа. Өнгөрсөн найман жил эрх баригчид хийсэн ажилгүй, хулгай хийсэн.

Тиймээс эрх баригчдад хатуу хяналт тавих, сөрөг хүчний үүрэг биелүүлэх сонголтыг ард түмэн хийсэн. Сөрөг хүчний үүргийг биелүүлж, эсэргүүцээд байхаас гадна илүү том бүтээн байгуулалт, бодлогын шийдлийн асуудалд бид хамтдаа дэмжээд явах боломжтой. 

Болохгүй бүхэнд бид ард түмний талд орж, дуу хоолой нь болж явах ёстой. МАН-тай Засгийн газарт хамтрах эсэх асуудлыг Үндэсний бодлогын хороогоор ярьж шийдвэрлэнэ. 

Сөрөг хүчнээ сайн хий, эрх баригчдад олуулаа хяналт тавь гэж Монголын ард түмэн АН-ыг сонгосон. Тиймээс сөрөг хүчнийхээ үүрэгт хатуу бат байх ёстой" хэмээн ярилаа.