Уншиж байна ...

"Үндэсний их баяр наадмын 12,000 тасалбар өнөөдрийн 07:45 цагт зарагдаж дууссан"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 07:00 цагт цахимаар худалдаалж эхэлсэн. 

Тэгвэл ердөө 10 гаруйхан минутад тасалбар борлуулагдаж дууссан талаар иргэд цахим орчинд бичиж, шударга явагдсан эсэхэд нь эргэлзэж буйгаа илэрхийлсэн байв. 

Энэ талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-аас тодруулахад энэ жил нийт 12,000 тасалбар худалдаанд гаргасан аж. "Хамгийн сүүлд өнөөдөр 07:45 цагийн үед тасалбар зарагдаж дуусан. Системийн үйл ажиллагаанаас хамаараад хэрэглэгч бүрд өөрөөр харагдах боломжтой.

Мөн наадмын тасалбарыг нэг хэрэглэгч хоёроос илүүг авах боломжгүй" гэв. 

Ташрамд дурдахад Үндэсний их баяр наадмын тасалбарыг 80-150 мянган төгрөгөөр борлуулсан бөгөөд тус бүр дээр баяр наадмын хөтөлбөр, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн мэдээлэл бүхий QR код байршсан байх юм.

Харин shoppy.mn-ээс уг асуудлаар тодруулга авахаар холбогдсон ч хэрэглэгчдийн мэдээллийг олон нийтэд задруулахгүй нууцын гэрээтэй гэсэн тайлбар өглөө.