Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын томоохон банк компьютерын гарыг зохиомлоор ажиллуулдаг байсан ажилтнуудаа халжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын гурав дахь том банк Wells Fargo саяхан компьютерын гарыг зохиомлоор ажиллуулах аргаар удирдлагаа хуурдаг байсан арав гаруй ажилтнаа халжээ.

Ийм арга хэмжээ авсан нь АНУ-ын санхүүгийн зохицуулах байгууллага Finra-д гаргасан тус банкны тайлангаас ил болсон байна.

Уг луйврыг яаж ирүүлсэн талаар тодруулахад “Wells Fargo банк ажилтнууддаа өндөр стандарт шаардлага тавьдаг ба аливаа ёс зүйгүй үйлдлийг тэвчдэггүй болно” гэхээс өөр мэдээлэл өгөөгүй юм.

Цар тахлын үеэр компаниудын дунд гэрээс буюу зайнаас ажиллах арга барил дэлгэрсэн. Үүнийг дагаад компаниуд ажилтнуудынхаа идэвхийг хянах янз бүрийн арга хэрэглэх болжээ.

Тухайлбал компьютерын гарны товчны даралт, хулганын хөдөлгөөнийг бүртгэх, дэлгэцийн хуулбарыг авах, нүдний хөдөлгөөнийг хянах, хандсан вэб сайтын хаягийг цуглуулах гэх мэт.

Нөгөө талаас ийм аргуудыг хуурах технологиуд ч хөгжжээ.

Жишээлбэл гарны товч даралт, хулганын хөдөлгөөнийг автоматаар үүсгэж, ажилтныг компьютерын ард идэвхтэй сууж байгаа мэт харагдуулдаг тоног төхөөрөмжүүд түгээмэл болсон байна.

Amazon худалдааны сайтад “mouse jigglers” гэгддэг ийм төрлийн төхөөрөмж $10 хүрэхгүй үнээр олон мянган хувь зарагддаг болсноос үүнийг харж болно.

Wells Fargo банкны хувьд зайнаас ажиллахдаа ийм арга хэрэглэж, удирдлагаа хуурч байсан ажилтнуудаа халсан бололтой.

Энэ оны байдлаар АНУ-ын компаниудын үндсэн ажилтнуудын 13 хувь бүтэн зайнаас, 26 хувь зайнаас болон оффис дээр хосолсон горимоор ажиллаж байгааг судалгаа харуулжээ.

Wells Fargo банк 2022 оноос ихэнх ажилтнуудаа хосолсон горимоор ажиллуулж эхэлсэн юм байна.

 

Эх сурвалж: BBC