Уншиж байна ...

Францын ерөнхийлөгч Украинд цэрэг илгээх боломжийг үгүйсгэхгүй байгаагаа дахин илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон цэргийн хүчээ Украинд илгээх боломжийг үгүйсгэхгүй байгаагаа дахин илэрхийлээд хэрвээ Оросын зэвсэгт хүчин Украины фронтын шугамыг нэвтэлж, Киевийн эрх баригчид хүсэлт гаргавал энэ асуудал “хууль ёсны дагуу” сөхөгдөхийг мэдэгдсэн байна.

“The Ecomonist” сэтгүүлд Пүрэв гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа тэр энэ талаар өгүүлжээ.

Макрон өнгөрсөн долоо хоногт Парисын Сорбоны их сургуульд тавьсан илтгэлдээ Европ “мөнх бус”, 2022 онд Оросын эхлүүлсэн дайны аюулын улмаас “мөхөх” боломжтойг анхааруулж байсан юм.

Энэ оны эхээр тэр Өрнөдийн цэргийн хүчийг Украинд илгээх боломжийн талаар анх ам нээсэн нь Европын орнуудыг цочроож байв. Уг байр суурь нь хэвээр эсэхийг ярилцагч асуухад Макрон “Би юуг ч үгүйсгэхгүй. Учир нь бид юуг ч үгүйсгэхгүй хүнтэй тулгараад байна” гэж хариулжээ.

Зарим шинжээчид одоо Оросын эрх баригчид Украины фронтын шугамыг нэвтлэх томоохон давшилт эхлүүлэхэд ойртсон байж магадгүй гэж үзэж байгаа.

“Хэрвээ Оросын тал цааш давшихаар шийдсэн бол ямар ч тохиолдолд бид бүгд өөрөөсөө энэ асуултыг асуух хэрэгтэй болно” гэж Макрон байр сууриа тайлбарласан байна.

Тэрбээр Орос улсыг “бүс нутагт тогтворгүй байдал үүсгэгч”, “Европын аюулгүй байдалд заналхийлэгч” хүчин гэж тодорхойлжээ.

“Надад тодорхой стратегийн зорилт бий. Орос улс Украиныг ялж чадахгүй. Хэрвээ ялбал Европын аюулгүй байдал үгүй болно. Оросыг тэндээ зогсоно гэдэгт хэн итгэх юм бэ? Молдов, Румын, Польш, Литва зэрэг хөрш орнуудын аюулгүй байдал яах билээ?” гэж Макрон анхааруулсан байна.

 

Эх сурвалж: AFP