Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Бизнесийн өсөлтийн дараагийн шат” цуврал сургалт, арга хэмжээ эхэллээ

ikon.mn
2024 оны 4 сарын 15
Сурталчилгаа

МҮХАҮТ, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж болон андеррайтерууд хамтран “Бизнесийн өсөлтийн дараагийн шат” цуврал сургалтыг зохион байгуулж байна. 

зураг
 

- МҮХАҮТ, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж болон салбартаа тэргүүлэгч андеррайтерын компаниуд хамтран зохион байгуулах гэж буй сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- 2022 онд ТОП 100 аж ахуй нэгжийн төлөөллөөс авсан судалгаагаар аж ахуй нэгжүүдийн 68 хувь нь зээлээр санхүүждэг бөгөөд хөрөнгийн зах зээлд хараахан бэлэн биш гэсэн үр дүн гарсан. Энэ үзүүлэлтийг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулж үзвэл харьцангуй чамлалттай үзүүлэлт бөгөөд баялгийн дахин хуваарилалт явагдахгүй, бизнесийн санхүүжилтийн зардал өндөр байна гэсэн үг юм.

Зээлийн хүүгийн зардал өндөр эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид худалдан авч, эргээд бүтээгдэхүүний үнэ өндөр болж, ашиг нь цөөн тооны хүмүүст очдог тогтолцоонд бид явж байна гэсэн үг. Тиймээс бид хөрөнгийн зах зээлийн давуу тал боломжуудыг цувралаар салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран аж ахуй нэгжүүдэд таниулж, зөвлөж үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжихээр энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулах гэж байна.

- Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татсанаар аж ахуй нэгжүүдийн хувьд үүсэх давуу талуудыг дэлгэрэнгүй тайлбарлавал?

- Дэлгүүрийн лангуун дээр 2 адилхан өндөг байхад Түмэн шувуутын хувьцаа эзэмшигч бол Түмэн шувуутын өндгийг л авч эргээд ашгаас нь ногдол ашиг хүртдэг шиг үндэсний үйлдвэрлэгчид маань маш олноороо хувьцаат болбол үндэсний үйлдвэрлэгчээ л сонгож үйлчлүүлэх нь нэмэгдэнэ, эргээд санхүүжилтийн зардал багатай, ашигт ажиллагаа сайжирсан компаниуд маань ашгаасаа хөрөнгө оруулагчдадаа хуваарилна. Ийм зарчмаар бид өөрсдөө эдийн засгийн үр ашигт байдлаа сайжруулах боломжтой. Солонгос улсын иргэд аялахдаа хүртэл зөвхөн солонгос бараагаа авах хандлагатай байдаг шүү дээ.

Хөрөнгийн зах зээлийн санхүүжилт гэдэг ойлголт нь зөвхөн аж ахуй нэгжүүдээс гадна хөрөнгө оруулагчдад, улс орны эдийн засагт, бодитоор үр нөлөөгөө үзүүлдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй байна. Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах нь товчхондоо аж ахуй нэгжүүдэд дараах боломжуудыг олгодог:

  • Зөв засаглал
  • Ил тод байдал
  • Өсөлтийн боломж
  • Олон нийтэд танигдах
  • Өрсөлдөөний давуу тал
  • Нэр хүнд/ Бизнесийн итгэл
  • Хамтын оновчтой шийдвэр гаргалт
  • Олон улсын хувьцаат компаниудын жишгээс суралцах

- Сүүлийн үед хөрөнгийн зах зээлийг дэмжих чиглэлээр хийгдэж буй ажлууд болон аж ахуй нэгжүүдэд бий болох боломжуудын талаар мэдээлэл өгөхгүй юу.

- Хөрөнгийн зах зээл болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хамтын ажиллагаа сайжирч байна. ТОП 100 аж ахуй нэгжүүдийг хөнгөлөлттэй хялбар нөхцөлөөр санхүүжилт татах хөтөлбөрийг Санхүүгийн зохицуулах хороо тун саяхан танилцууллаа.

Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд хамтын санхүүжилт буюу “crowdfunding” хийх боломжтой болж, IPO хийх бэлтгэл хангах зорилгоор хаалттай хувьцаат компаниуд 50 хүртэл хувьцаа эзэмшигчидтэйгээр биржид бүртгүүлэн хувьцаагаа арилжаалах заалт нэмэгдсэн байна. Удахгүй IPO хийсэн аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх бодлого, зохицуулалтууд батлагдана гэж найдаж байна.

- Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахад компаниуд юун дээр анхаарах хэрэгтэй вэ? 

- Тухайн компанийн ашигт ажиллагаа, тогтмол орлогын эх үүсвэр, бизнесийн онцлог ялгаатай байдал, санхүүгийн тайлагнал, өсөлтийн боломжууд хамгийн чухал үзүүлэлтүүд болно. IPO хийхээс өмнө компаниуд санхүүгийн тайлагналаа үнэн зөв хийж аудитаар баталгаажуулж, үйл ажиллагааны төсөл төлөвлөгөөгөө гаргасан байх хэрэгтэй. Үүнээс гадна IPO хийсний дараа анхаарах асуудлууд байдаг бөгөөд нээлттэй болохоор сонирхож буй компаниудад энэ удаагийн сургалт маш чухал, үнэ цэнтэй мэдээлэл өгөхөд чиглэж байна.

- Гаднын улс орнуудын нөхцөл байдалтай харьцуулж дүгнэвэл?

- Гадаадын хөрөнгийн зах зээл нь өндөр хөгжсөн орнуудад банкны хадгаламжийн хүү маш бага байдаг. Тиймээс иргэд аж ахуйн нэгж нь жилийн гурван хувийн хүүтэй банкны хадгаламжид мөнгөө хадгалахаас урьтаж, хөрөнгийн зах зээлд оролцох хүсэлтэй байдаг.

Хөрөнгийн зах зээл хөгжихгүй бол манай улсын санхүүгийн салбар байнгын савлагаатай байх нь тодорхой.

Хөрөнгийн зах зээлээр дамжуулан шууд бус хөрөнгө оруулалт хийж ирээдүйд хэрэглэх мөнгөө өсгөж ашиг хүртэх, эсвэл хувьцааны өсөлт, бууралтын хэлбэлзэл дундаас мөнгө хийх гээд хөрөнгө босгох сувгууд чухам энд байдаг.

Хөрөнгийн зах зээлийн хөгжил бизнес эрхлэгч нарт, хөрөнгө оруулалт хийж буй иргэдэд, цаашлаад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд шууд ба шууд бусаар бүх хүмүүсийн ажил, амьдралд эерэг нөлөөтэй.

- Та бүхний хамтран зохион байгуулж буй сургалтад ямар хүмүүс уригдан ирж илтгэл тавих бэ?

- Эхний сургалтаар Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргал болон салбартаа тэргүүлэгч 3 үнэт цаасны компаниас захирлууд ирж илтгэл тавихаар байна.

Таван Богд Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ “Глобал тренд хаашаа байна вэ?” сэдвээр, Апекс капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор “Бондын санхүүжилт” сэдвээр, ТиДиБи Секьюритис ҮЦК-ийн Дэд захирал Г.Энхбат “Хувьцааны санхүүжилт” сэдвээр өөрсдийн 10 гаруй жилийн хөрөнгийн зах зээлийн туршлагаас хуваалцах юм. Мөн сургалтын төгсгөлд хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, хүрэлцэн ирсэн байгууллагуудад байгууллагын түвшинд болон ажилчдад зориулж сургалт орох ажлуудыг үргэлжлүүлэн хийх юм.

Бүртгүүлэх холбоосhttp://membership.mn:8080/front/public/event
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.