• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний номын сан маргаашаас эхлэн тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй"

Б.Хонгорзул, iKon.mn
2024 оны 2 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Үндэсний номын сангийн захиргаанаас тус номын сан шинэ байрандаа салбарлан нүүх бэлтгэл ажил хийхтэй холбоотойгоор 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсныг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

Энэ талаар тус номын сангаас тодруулахад "Шинээр салбарлан нүүж байгаа байршлын хувьд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай. Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар, 9,948.2 ам.метр талбайтай. Мөн одоогийн байдлаар ашиглалтад орох тодорхой хугацааг хэлэх боломжгүй байна" гэлээ.

Үндэсний номын сангийн шинэ барилга Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын Элчин Сайдын Яамны урд хэсэгт баригджээ.

Монгол Улсын Үндэсний номын сан нь 1951 оноос хойш одоогийн байршил буюу Чингэлтэй дүүргийн Чингисийн өргөн чөлөө 4-т ашиглалтад орсон бөгөөд уг байшинг 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан ч өдгөө гурван сая гаруй номтой болсноор тус барилгын даац хэтэрчээ. Ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд анх 2014 онд шинэ барилгын ажил эхэлж байжээ.

Мөн үндэсний номын сангийн сан хөмрөг хоёр хуваагдах бөгөөд хуучин номын сангийн байраа Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, судалгаа шинжилгээ хийх тал дээр түлхүү ашиглах аж. Харин шинэ барилга нь 16 уншлагын танхимтай бөгөөд 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой.