"Дэлхий нийт ногоон хөгжил рүү зорьж байна. Бид ч мөн адил хөл нийлүүлэн алхах хэрэгтэй"
“Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Санжаатай ярилцлаа.
- Ногоон хөгжил үндэсний нэгдэл хувьцаат компанийн үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцлагаа эхлүүлье. Ямар ямар ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?
- Юуны өмнө сайтын буландаа манайхыг урьж оролцуулсан танай байгууллагад талархал илэрхийлье. Ер нь дэлхий тэр чигээрээ ногоон хөгжлөөр амьсгалж байна шүү дээ. Барилгын салбарт бие даасан инженерийн шийдэлтэй, сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан ногоон барилга, уул уурхайн салбарт ус ашиглахгүйгээр алт олборлох технологи хүртэл бий болсон. Тээврийн салбарт мөн цахилгаан тээврийн хөгжлийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн харж байгаа байх.
Манай компанийн хувьд гэвэл “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” гэсэн нэртэй 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хувьцаат компани юм. Дэлхий нийтийн ногоон хөгжлийн чиг хандлага, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцсэн “Ногоон хөгжил ээлтэй ирээдүй” бизнесийн загварчлалыг боловсруулсан юм. Энэ загварчлал нь 3 үндсэн хөтөлбөр, 5 дэд хөтөлбөр, 27 мега төсөлтэй ба тэдгээр нь хог хаягдлыг дахин боловсруулах, хүнсний, тээвэр ложистикийн, эко барилгын гэх мэт төслүүдээс бүрдэж байгаа.
Ногоон хөгжил гэдэг зүйлийг ганц манай компани дангаараа хэрэгжүүлж чадахгүй бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд, төр засгийн оролцоо маш чухал байгаа. Тийм учраас манайх хөгжүүлэгч /developer/ компани буюу бодлого төлөвлөгөөг нь боловсруулж, хэрэгжүүлэгч буюу 27 оператор хамтрагч компаниар дамжуулан төслүүдээ хэрэгжүүлэх юм.
Манай хэрэгжүүлж байгаа үндсэн хөтөлбөрүүд нь “Хувьцаат орон сууц”, “Хувьцаат газрын эзэд”, “Бизнес оновчлол” гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. Эдгээр нь тус тусдаа өөрсдийн зорилго, онцлогтой байгаа хэдий ч “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой” шууд зорилго нэг байгаа юм. Жишээ нь: “Хувьцаат орон сууц” хөтөлбөр нь “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын “Орлогод нийцсэн орон байр” зорилттой нэг зорилготой. “Хувьцаат газрын эзэд” хөтөлбөр нь “Иргэний өмчлөлийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах” зорилттой мөн зорилго нэг.
Товчхондоо бидний томьёоллоор бол ногоон хөгжил гэдэг нь Цэвэр агаар, Цэвэр ус, Цэвэр хөрс, Цэвэр мөр юм.
- Ногоон хөгжлийн суурь ойлголт, бодлогын тухай манай уншигчдад танилцуулбал?
- Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байгаа талаар телевиз, радиогоор их явдаг болсныг та мэдэж байгаа байх энэ бол дэлхий нийтэд тулгараад байгаа асуудал юм. Улс орнууд өөр өөрсдийн хөгжлийн онцлогт тааруулан янз бүрийн гарц гаргалгаа, шийдвэртэй байгаа.
Эдийн засгийн хөгжил, үйлдвэржилт нь дэлхийн өмнө тулгарч байгаа хамгийн том асуудал буюу “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн эх үндэс болж байгаа. Өөрөөр хэлбэл улс орон хөгжихийн хэрээр байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь нэмэгдэж энэ хандлагаар цааш явсаар байвал 2030 он гэхэд дэлхий нөөц боломжоосоо хоёр дахин давсан ачаалал авах судалгаа ч гарсан. Тийм болохоор дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв маягт шилжих хэрэгтэй. Манай улс ч мөн адил Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа шүүдээ. Энэ нь ногоон хөгжил рүү л чиглэж байгаа юм.
Бидний хэрэгжүүлэхээр зорьж, төлөвлөж байгаа ногоон хөгжил буюу цэвэр, тогтвортой хөгжлийн бодлого, зорилгыг Монголын хөрсөнд, Монгол сэтгэхүйд буулгах мөн нийгмийн цөм болсон ХҮН гэдэг амьтанд сануулах, ойртуулах, эерэг үр дүнг нь бүгдэд хүртээмжтэй болгох үүднээс үндэсний уламжлал, өв соёлоор шүүн тунгааж, задлан шинжилж, эвлүүлж нэгтгээд “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн үйл ажиллагааны онол, аргачлал, зүй тогтол, хэтийн төлөв, зарчим, зорилго зорилтуудыг боловсруулан ажиллахыг зорьж байгаа юм.
- Танай хэрэгжүүлж байгаа 3 үндсэн хөтөлбөрийн нэг “Хувьцаат орон сууц” хөтөлбөрийн тухай цухас сонсоход бага бөгөөд тогтмол орлоготой иргэдэд орон сууцтай болох боломжийг олгож байгаа гэдэг нь маш том давуу тал санагдаж байна.
- Манайх бол орон сууц борлуулдаг компани биш юм. Хэрэгжүүлж байгаа “Хувьцаат орон сууц” хөтөлбөр нь дотроо 5000-багш, 3000-эмч зэрэг дэд төслүүдтэй. Зарим хүмүүс манайхыг орон сууцны компани гэж ташаа ойлголттой байдаг. Миний түрүүнд дурдсан “Ногоон хөгжлийн концепц”-д орон байрны асуудлыг шийдвэрлэх агуулга байдаг болохоор бид энэ төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь цаашдын манай хийж хэрэгжүүлэх ажлуудын дөнгөж эхлэл бас суурь болж байгаа юм.
Бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд гурав дахь жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд 150-иад бага, тогтмол орлоготой иргэдийг хамруулсан байгаа. Энэ ондоо багтаад ахиад гэрээт хүмүүсийнхээ дийлэнх хувийг орон сууцаар хангана гэсэн зорилт тавин ажиллаж байна.
- Та энэ талаараа бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Жишээ нь ипотекийн зээлийн хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ?
- Ипотек бол банкны зээл шүү дээ. Харин Хувьцаат орон сууц хөтөлбөр бол товчхондоо хөрөнгө оруулалт суурьтай, холимог тогтолцоотой түрээсийн орон сууц гэж хэлж болно. Өнөөдөр хүн болгон өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болохыг хүсдэг гэвч тэр нь өөрөө эдийн засгийн эргэлтэд бага ордог. Жишээ татвал та өнөөдөр өөрийн гэсэн өмчилсөн орон сууцтай тэрийгээ тодорхой хүүтэй, хүүгүй гэх эх үүсвэрээр худалдан авсан. Энэ нь та мөнгөө үхмэл хөрөнгө болгоод түгжиж байгаа нэг хэлбэр. За яах вэ барьцаанд тавих байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулж болно эсхүл илүү байраа түрээслүүлэн орлого олж болно. Гэтэл энэ хөрөнгө нь элэгдэж байгаа түүнийгээ дагаад жилээс жилд үнэ нь унаж байдаг. Зах зээлийн үнэ бол байршлаасаа хамаарч янз бүр байгаа ч дансны үнэ бол үргэлж унадаг. Шинэ байрыг банк 70, 80 хувиар нь тооцож зээл олгодог бол хуучин байрыг 50 хүртэлх хувиар л үнэлдэг.
Эдийн засгийн хувьд харж үзвэл танд үнэ цэн нь унадаг хөрөнгө байна. Үүнийгээ компанийн хөрөнгө болговол түүгээрээ ашиг олоод таны орон сууц өгөөж өгдөг хэлбэрт шилжинэ гэсэн үг. Энэ л гол агуулга нь байгаа юм.
- Танай хөтөлбөрт яаж хамрагдах вэ? Шалгуур нөхцөл нь юу вэ?
- Манай энэ хөтөлбөр нь хэд хэдэн дэд төслүүдтэй тэдгээр төслүүдийг хамтран хэрэгжүүлж байгаа Төрийн бус байгууллагууд буюу хамтрагч байгууллагын гишүүн байхад л анхны шаардлагаа биелүүлж байгаа юм. Багш-5000 төслийг Монголын багш нарын “Шинэ зуун зөвлөлдөх зөвлөл” ТББ-тай, Эмч-3000 төслийг Монголын эмнэлгийн мэргэжилтнүүдийн ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна. Үүний дараа 12-36 сарын дотор та тодорхой дүнгээр өөрийн хөрөнгө оруулах боломжит санхүүгийн төлөвлөгөөг бидэнтэй тохирч манай баригдаж байгаа орон сууцны төслөөс сонголтоо хийнэ. Орон сууц ашиглалтад орсны дараа зах зээлийн үнээс доогуур түрээсэлж амьдрах юм. Тодорхой хугацааны дараа таны анхны хөрөнгө оруулалтад жил бүр тогтмол ногдол ашиг олгогдож түүгээрээ түрээсэлж байсан орон сууцаа өөрийн болгох юм.
Манайх энэ төслөө хэрэгжүүлээд 3 дах жилийн нүүр үзэж байна. Үйл ажиллагаа ч мөн хурдацтай тэлсэн гэж хэлж болно. Тиймээс бид үйл ажиллагаагаа зогсоохгүйгээр тусгаарлах замаар энэ төсөл, хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлэх охин компаниа байгуулан үйл ажиллагаагаа шилжүүлж түүгээрээ зөвхөн энэ төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Урьд нь хэлсэнчлэн “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК бол бодлогын буюу төслүүдийг хөгжүүлэгч компани, хэрэгжүүлэгч нь охин, хараат, хамтрагч гэх мэт компаниуд байх юм.
- Тэгэхээр түрээс төлөөд яваад байна гэсэн үг үү? Өмчлөлийг яаж зохицуулах вэ?
- Тиймээ, холимог түрээсийн тогтолцоо шүү дээ. Таны анхны хөрөнгө оруулалт жил бүр өсөж ногдол ашиг хуримтлагдсаар байгаад түүгээрээ орон сууцаа худалдан авах юм. Энгийнээр бол түрээслээд өмчлөх буюу худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлэх юм.
Ипотект эхлээд та урьдчилгаа 30 хувийг төлөөд үлдэгдлээ 6 хувийн хүүтэй зээлдэг шүү дээ. Таны урьдчилгаанд төлсөн 30 хувь орон сууцны төлбөр болоод хувирсан учир танд өгөөж өгөхгүй юм. Хувьцаат орон сууц бол урьдчилгаа нь жилийн тогтмол өгөөжтэй үнэт цаас болдог. Түүнээсээ жил бүр ногдол ашиг хүртэж явна гэсэн үг.
Харин өмчлөлийн асуудал энгийн шийдэлтэй. Жишээ нь: Та өөрийн нэг орон сууцтай, гэрчилгээ нь таны нэр дээр байна гэж бодъё энэ бол таны өмч. Эсхүл та нэг орон сууц бүртгэсэн хөрөнгөтэй компанийн эзэн гэж бодъё тэр орон сууц бас л таны өмч шүүдээ.
Өөрөөр хэлбэр 5 хүн өөр өөрийн нэр дээрх өмчлөлийн орон сууцтай бол тэдний өмч. Эсхүл 5 орон сууц бүртгэсэн хөрөнгөтэй компанийг 5 хувьцаа эзэмшигч 20, 20 хувиар нь эзэмшдэг бол бас орон сууц нь мөн л тэдний өмч болно. Зарчим нь бол ингэж явах юм.
- Сүүлийн үед ард иргэд орон сууцыг баригдаагүй байхад нь урьдчилгаа мөнгө хувь лизинг хийх хэлбэрээр өгөөд тухайн орон сууцны төсөл нь баригдахгүй удаашрах үед асуудал их үүсэх болсон, танайх энэ эрсдлийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
- Та их оновчтой асуулт асуулаа. Энэ бол яг тулгамдаж байгаа асуудал. Зарим барилгын компаниуд тооцоо судалгаа дутуугаас эсхүл цаг үеийн нөхцөл байдлаас болоод төлөвлөгөөт ажил нь удаашрах, зогсох асуудал их болсон. Олон компаниуд ковид-ын үед болсон хөл хорионы улмаас шалтгаалсан барилгын материалын үнийн өсөлтийг давж чадалгүй зогсолт хийж байна. Үүний үр дагаварт юу үүсдэг вэ гэхээр захиалагч урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан авах гэтэл тэр мөнгийг нь аль хэдийн бетон зуурмаг, арматур болгоод хувиргачихсан байдаг. Тэгэхээр барилгын компаниуд захиалагчдын мөнгийг буцааж өгөх ямар ч боломжгүй болчихдог. Бизнесийн нүдээр харах юм бол зогссон барилгаа ямар ч хамаагүй аргаар санхүүжүүлж ашиглалтад оруулсны дараа л асуудал нь шийдэгдэнэ. Тэр болтол захиалагчийн оруулсан мөнгө шууд гацдаг юм. Ямар нэгэнт цутгасан бетон, арматурыг буцааж мултлаад өгөлтэй нь биш.
Харин манайд бол буцаж болдог, учир нь төсөл, хөтөлбөрт хамрагдах зорилгоор төлсөн мөнгө бол үнэт цаас хэлбэрээрээ байдаг хөрвөх чадвар хэвээрээ байгаа гэсэн үг. Манай хөтөлбөрт анх гэрээ байгуулж орсон тодорхой тооны хүмүүс буцах хүсэлтээ өгч оруулсан мөнгөө авч байгаа. Одоогийн байдлаар гэрээ цуцалж мөнгөө буцаан авах хүмүүсийн 70 орчим хувь асуудлаа шийдүүлсэн. Харин бидний хувьд захиалга өгсөн барилгын төслүүд удааширч байгаатай холбоотойгоор компаниудад оруулсан санхүүжилт царцсан хэдий ч манай компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч ажилласаар байна.
- Та Хувьцаат орон сууц хөтөлбөрийн давуу болон сул талаа уншигчдад хэлж өгвөл?
- Манай хувьцаат орон сууц хөтөлбөр бол бидний цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн суурь болж байгаа учир хөтөлбөрт хамрагдсан хүмүүс маань дараа дараагийн хэрэгжүүлэх хоол хүнсний, авто машины зэрэг төслүүдэд нэн таатай нөхцөлөөр хамрагдах боломжтой. Мөн анхны хөрөнгө оруулалт хийсэн өдрөөс эхлээд ногдол ашиг хүртэх тоолуур гүйж эхэлдэг юм. Цаашлаад харилцагчийн төвлөрүүлсэн мөнгө хөрвөх чадвартай байдаг тул бид буцах тохиолдолд компанийн санхүүгийн боломжид тулгуурлан буцаан олгодог.Сул тал гэвэл бид харилцагчаа таньж мэдэх 12-36 сар байдаг энэ нь хүлээлт үүсгэж байгаа.
- Цаг гарган ярилцсанд баярлалаа, сүүлийн хормыг танд нээлттэй үлдээе.
- Танд баярлалаа. Бидний гол хүсээд байгаа нэгдмэл үнэ цэнийг бүтээж, нэг нэгэндээ тустай, дэмтэй тогтолцоог бүрдүүлэн хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалах үйл хэрэгт нэгдэж ажиллахыг уншигчдадаа уриалъя.
Гэгээн үйлс, гэрэлт ирээдүй.
Хувьцаат орон сууц хөтөлбөрт хамрагдсан харилцагчдын сэтгэгдлээс:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



