"Цэвэр эрчим хүчний нөөц нь Монгол Улсад байгаа болохоор дата төвөөр дамжуулан олон улсад экспортолно"

М.Батчимэг, ikon.mn
9 минутын өмнө
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа эрчим хүчний экспортын хэтийн төлөв, 2025 он хүртэл ямар чиглэлд явах талаар Шадар сайд Т.Доржханд болон Эрчим хүчний сайд Б.Найдлаа нар байр суурь саналуудаа нэгтгэсэн талаараа дараах мэдээллийг өглөө. 


ХҮН намын зүгээс суурь эрчим хүчний асуудлаа шийдэхгүйгээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил байхгүй юм байна гэх шийдвэрийг гаргаж Эрчим хүчний реформыг анхнаас нь манлайлж явж байна. Бид эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд  2028-2030 онд Монгол Улсыг эрчим хүчний хувьд биеэ даасан улс болгож чадна гэсэн итгэл үнэмшлээр гурван Засгийн газартай хамтарч ажиллаад байна гэв. 

Үргэлжлүүлэн Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд дутагдалтай байхад эрчим хүчний экспорт яриад байна гэсэн буруу ойлголттой яваад байна гэв. Иймд хэрхэн эрчим хүч экспортлох талаар дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Эрчим хүч экспортлох нь дараах дөрвөн хэлбэртэй. 

  1. Ногоон ус төрөгч 
  2. Дата төв 
  3. Ногоон металл 
  4. Эрчим хүчний биет экспорт юм. 

Дата төв буюу өгөгдлийн төв орж ирснээр бид нүүрснийхээ аман дээр цахилгаан станцаа бариад, сэргээгдэх буюу нар салхины эрчим хүчээ мөн хажууд нь өрөөд төвийн эрчим хүчиндээ холбох байдлаар гурван эх үүсвэрийн үр дүнд дата төв ажиллаж байгаа юм. 

Газрын гүнд үр ашиггүй байгаа эрчим хүчний нүүрс, газрын дээр байгаа агаарыг эрчим хүч болгоод токен үйлдвэрлээд түүнийгээ шилэн кабелаар зарна. Харагдах байдлаараа технологийн төсөл мэт боловч бодит байдлаараа энэ бол эрчим хүчний төсөл. Нийт дата төвийн зардлын 70 хувь нь эрчим хүч байдаг. Тийм ч учраас газрын дор үр ашиггүй байдаг эрчим хүчний нөөцийг дата төвөөр дамжуулан станц бариад үр ашигтай болгоод олон улсад гаргаж байгаа бол энэ экспорт юм.  

Монгол Улсын эрчим хүчний систем алдагдалтай, өртэй ажилладаг шалтгаан нь өртгөөсөө хямдхан, жилийн 12 сарын хоёр сард нь л ачаалалтай байдаг. Иймд дата төв орж ирснээр зах зээлийг нь тэлж өгч байгаа юм. 24/7 дата төв ашиглагдаад ирэхээр энэ салбар руу бизнесүүд орж ирж байгаа юм. Одоогийн байдлаар 30 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тохиролцоогоо COP 17 хурлын үеэр хийчихсэн байна" гэв. 

Хиймэл оюун хөгжсөнөөр асар их эрчим хүчний хэрэглээг дэлхий даяар үүсгэсэн. Тэрхүү цэвэр эрчим хүчний нөөц нь Монгол Улсад байгаа болохоор эдгээр төслүүд үр ашигтай, санхүүжүүлэх боломжтой болоод явж байна гэдгийг онцлов. 

Үүнтэй холбогдуулан Өгөгдлийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа ба энэ хууль нь датаг хадгална, хамгаална. Хэн нэгэнд задлахгүй эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгээ баталгаажуулж буй явдал аж. Жишээ нь Япон улс өөрсдийн датаг манай улсад хадгаллаа гэхэд түүний түрээсийн орлогыг төсөв рүү гээ аваад явах юм байна.