“Монголын уул уурхайн дараагийн өрсөлдөөн бүтээмж, зардал, технологи дээр төвлөрнө”
Иридиум Трак Монголиа ХХК-ийн Борлуулалт хариуцсан дэд захирал Л.Цолмонтой Монголын уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага, тоног төхөөрөмжийн зах зээлийн өөрчлөлт, түлшний хэмнэлт, МТ126Н загварын 90 тоннын даацтай автосамосвалын Монгол дахь бодит туршилт болон MinePro олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаар ярилцлаа.
- Монголын уул уурхайн салбарын өрсөлдөөн хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
- Монголын уул уурхайн салбарын суурь боломж хүчтэй хэвээр байна. Гэхдээ өнөөдөр зөвхөн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр нэг тонн бүтээгдэхүүнийг ямар зардлаар, ямар бүтээмжтэй үйлдвэрлэж байна вэ гэдэг асуудал илүү чухал болж байна.
Түүхий эдийн зах зээлийн үнэ хэлбэлзэж, шатахуун болон бусад ашиглалтын зардал өсөж байгаа үед уурхайн компаниуд тоног төхөөрөмжийн бүтээмж, түлшний зарцуулалт, техникийн ашиглалт, сул зогсолт зэрэгт илүү анхаарах шаардлагатай болсон.
Тиймээс Монголын уул уурхайн салбарын дараагийн өсөлт зөвхөн стратегийн шинэ ордууд, шинэ уурхайн төсөл нээхээс гадна ногоон уул уурхай өндөр хүчин чадал, байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглаж, түрүүлж ажиллаж байна. Энэ нь одоо ажиллаж байгаа уурхайн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулахтай шууд холбоотой гэж харж байна.
- Өнөөдөр уурхайн компаниуд тоног төхөөрөмж сонгохдоо юуг хамгийн түрүүнд анхаардаг болсон бэ?
- Өмнө нь тоног төхөөрөмжийн худалдан авах үнэ гол шалгуур болдог байсан бол өнөөдөр харилцагчид илүү өргөн хүрээнд хардаг болсон.
Тухайлбал, “Энэ машин ямар үнэтэй вэ?” гэхээс илүүтэйгээр “Түлш хэр зарцуулах вэ?”, “Засвар үйлчилгээний зардал ямар байх вэ?”, “Нэг тонн бүтээгдэхүүнд ногдох зардлыг хэр бууруулах вэ?” гэдэг асуултыг тавьж байна.
Учир нь анх худалдан авах үнэ хямд байсан ч түлш их зарцуулдаг, засвар үйлчилгээ их шаарддаг, сэлбэг нь удаан нийлүүлэгддэг техник урт хугацаандаа илүү өндөр зардалтай байж болно.
Тиймээс тоног төхөөрөмжийг зөвхөн худалдаж авах үнээр нь биш, ашиглалтын бүх хугацаанд гарах нийт зардал болон бий болгох үр өгөөжөөр нь үнэлэх шаардлагатай.
- Өндөр даацтай автосамосвалын хувьд түлшний хэмнэлт яагаад чухал вэ?
- Уул уурхайн үйл ажиллагаанд шатахуун нь ашиглалтын хамгийн том зардлын нэг байдаг. Тиймээс өндөр даацтай техник сонгохдоо зөвхөн хөдөлгүүрийн хүчин чадал эсвэл даацыг харах нь хангалтгүй.
Нэг удаагийн тээвэрлэлтийн хэмжээ, нэг цагийн түлшний зарцуулалт, нэг тонн бүтээгдэхүүнд ногдох зардал, техникийн найдвартай ажиллагаа зэрэг үзүүлэлтийг цогцоор нь тооцох шаардлагатай.
МТ126Н-ийн хувьд 90 тоннын даац нь тээвэрлэлтийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломж олгож байгаа бол түлшний зарцуулалт, ашиглалтын зардлын үр ашиг нь уурхайн үйл ажиллагааны нийт зардлыг оновчтой байлгахад чухал ач холбогдолтой гэж харж байна.
Цаашид түлшний хэмнэлт гэдэг нь зөвхөн техникийн үзүүлэлт биш, уурхайн өрсөлдөх чадвар болон үр ашгийг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг болно.
- Тоног төхөөрөмжийн борлуулалтын дараах үйлчилгээ ямар үүрэгтэй вэ?
- Маш чухал үүрэгтэй. Уурхайн техникийн бүтээл бол цаг хугацаагаар хэмжигддэг, цаг хугацаатай шууд хамааралтай учраас нэг зогсоход л үйлдвэрлэл, төлөвлөгөө, нийт үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Тиймээс тоног төхөөрөмжийн бизнесийг зөвхөн машин худалдах үйл ажиллагаа гэж харах боломжгүй.
Сэлбэгийн бэлэн нөөц, инженер техникийн баг, шуурхай засвар үйлчилгээ, оношилгоо, оператор болон механикчдын сургалт, баталгаат үйлчилгээ бүгд харилцагчийн тоног төхөөрөмжийн ашиглалтын үр ашгийг тодорхойлно.
Манай компанийн хувьд машин борлуулалт бол харилцагчтай хийх харилцааны төгсгөл биш. Харин урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл гэж үздэг.
- Иридиум Трак Монголиа ХХК MinePro олон улсын уул уурхайн үзэсгэлэнд оролцохдоо юуг онцолж байна вэ?
- MiningWeek & MinePro 2026 нь Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, хөрөнгө оруулалт, технологи, инновац, ханган нийлүүлэлт, олон улсын бизнесийн хамтын ажиллагааг нэг дор холбосон олон улсын үзэсгэлэн, чуулган гэдгээрээ онцлог. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, тээвэр, олборлолт, баяжуулалт, автоматжуулалт, цахим шийдэл, байгаль орчны технологи зэрэг салбарын өргөн хүрээний шийдлийг нэг дор танилцуулж байна.
Манай компанийн хувьд MinePro-д оролцох гол зорилго нь зөвхөн тоног төхөөрөмжөө танилцуулах бус, Монголын уурхайн бүтээмжийг нэмэгдүүлэх, түлшний зарцуулалт болон ашиглалтын зардлыг бууруулахад чиглэсэн бодит шийдлүүдийг харилцагчдад санал болгох юм.
Бид хэдийгээр хайбрид болон цахилгаан, мөн жолоочгүй техник санал болгодог хэдий ч үзэсгэлэнгийн үеэр МТ126Н загварын 90 тоннын даацтай автосамосвалыг голлон танилцуулна. Бидний хувьд энэхүү машины онцлог нь зөвхөн өндөр даац биш, харин Монголын уурхайн бодит нөхцөлд багагүй хугацаанд ажиллуулж, туршиж үзсэн бөгөөд түлшний зарцуулалт болон ашиглалтын зардлын хувьд үр ашигтай гэдгээ харуулж байгаа явдал юм.
Мөн тоног төхөөрөмжийн сэлбэгийн хангамж, засвар үйлчилгээ, инженер техникийн дэмжлэг, сургалт, баталгаат үйлчилгээ зэрэг цогц шийдлээ харилцагчдад танилцуулна. Энэ хугацаанд түлш зарцуулалт ашиглалтын зардлын хувьд өндөр үр ашигтай байна гэдэг тооцоо судалгааны үндсэн дээр техникийг онцолж, санал болгоно.
Иридиум Трак Монголиа ХХК-ийн хувьд бид харилцагчдадаа зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна Монголын уурхайн бодит нөхцөлд тохирсон, ашиглалтын зардал болон бүтээмжийн үр дүнд суурилсан цогц шийдлийг санал болгохыг зорьж ажиллаж байна.
- Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
