М.Энхцэцэг: Гуравхан сарын хугацаанд ₮50 тэрбумаар хятадаас цахилгаан импортлох гэж байгаа нь эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлж байна
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Төсвийн тодотголд БНХАУ‑аас 50 тэрбум төгрөгөөр эрчим хүч импортлох асуудлыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар он дуустал буюу гурван сарын хугацаанд 50 тэрбум төгрөгийн эрчим хүчийг урд хөршөөс импортлохоор тооцоолсон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг тодруулж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Төсвийн тодотгол хятад улсаас эрчим хүч импортлоход зориулсан 50 тэрбум төгрөгийн татаас орж ирж байна.
Монгол Улсын эрчим хүчний салбарт өвлийн гурван сарын хугацаанд 17:00-21:00 цагийн хооронд чадлын дутагдалтай байдаг. Харин бусад бүх цагуудад эх үүсвэрийн илүүдэлтэй.
Зөвхөн дутагдалтай үед хятадаас эрчим хүч авна гэж ойлгож байсан ч он дуусах хүртэл хэдхэн сарын хугацаанд нийт 150 сая кВт.ц-ийг авна гэж байна. Тариф нь 9 цент учраас зөвхөн үлдэж байгаа саруудад 50 тэрбум төгрөгийн татаас орж ирж байна.
Энэ бол эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлсэн явдал.
Уг нь 50 тэрбум төгрөгөөр боломжийн хэмжээний батарей станцыг зургаан сарын дотор ашиглалтад оруулах боломжтой юм.
Бид Оюутолгойн хэрэглэдэг эрчим хүчийг хятадад бүрэн алдсан. Оюутолгой жилд 500 тэрбум төгрөгийн цахилгааныг хятадаас худалдаж авч байна.
Одоо 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаснаар Өмнөговь аймгийг тэр чигт нь хятадаас тэжээдэг болно.
Өвлийн улиралд хятадаас хэдэн цагааг цахилгаан авна гэж төлөвлөсөн бэ. Диспетчерийн үндэсний төвөөс 40 сая кВт.ц цахилгаан авна гэдэг бичиг өгч байсан. Одоо гэтэл 150 саяыг авахаар болчихсон байна. Үүнийг бага байлгах боломжгүй байсан уу гэдгийг Эрчим хүчний яамнаас тодруулъя.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин: Хятадаас авах эрчим хүчээр Өмнөговь аймгийн эрчим хүчний хэрэглээг хангана. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор оргил ачааллын үргэлжлэх хугацаа 17:00-23:00 цагийн хооронд байдаг болсон.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Хятадаас өдөр хэдэн цагаар авахаар төлөвлөсөн бэ. Эрчим хүчний оргил ачааллыг 17:00-23:00 цагийн хооронд гэлээ. Тэгвэл өдөрт 6 цагаар 3 сарын хугацаанд гэхээр ийм их хэмжээний татаас үүсэхгүй.
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин: Татаасын хувьд, найм, ес, арав, арваннэгдүгээр саруудад авахаар тооцоолсон.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Та Эрчим хүчний яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Одоо Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. Цахилгаан экспортлох стратегийг 790 саяар хийж байна. Та бүхэн өөрсдийнхөө хийх ёстой ажлыг татвар төлөгчдийн мөнгөөр тендер болгочхоод явж байна. Тодотгол оруулж ирэх үндэслэл нь үргүй зардлыг багасгаж, хийх ёстой ажлаа хийх гэж байх ёстой. Гэтэл та нар 790 саяар стратегиа хүнээр боловсруулуулна, бид чадахгүй гээд зогсож байна.
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин: Шадар сайдын ажлын албанаас хуулийн хүрээнд чиг үүргийн дагуу энэ төслийг бусад этгээдээр гүйцэтгүүлэхээр оруулж ирсэн юм билээ. Хуулийн хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээ гэсэг үг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
