Б.Пүрэвдагва: ТҮЦ хариуцсан орон тооны бус зөвлөх бий ч ахиц харагдахгүй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр(2026.09.14) болж ТҮЦ-үүдийг цэгцлэх асуудал яригджээ.
Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "ТҮЦ хариуцсан орон тооны бус зөвлөх байгаа ч ахиц харагдахгүй байна. УБЗАА-ны дарга Мэндбаярыг ТҮЦ эрхлэгч нар болон орон тооны бус зөвлөхтэйгөө уулзаж, цэгцлэх үүрэг өгч байна.
Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуурын гудамжаар өчигдөр явлаа. Зам дагуу матрас тавьчихсан, хог шороотой, ТҮЦ хаанаасаа ч тогоо татчихсан юм, замбараагүй болсон байна.
Хойшоогоо төв замууд авах юм алга. Дүүргийн дарга нар амралтын өдрүүдэд гудамж, талбайгаар явж үзэх хэрэгтэй.
Хотын төвд нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр ТҮЦ байрлуулахгүй байх зарчим баримталсан хэвээр байгаа" хэмээв.
Эх сурвалжаас лавласнаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ТҮЦ хариуцсан орон тооны бус зөвлөхөөр "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт ажилладаг байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн автобусны зогсоол болон нийтийн эзэмшлийн газрын 100 гаруй байршилд үйл ажиллагаа явуулж байсан 1,278 ТҮЦ-ийг нүүлгэсэн ч дахин байршуулсан асуудал үүсжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
