Өнгөрсөн жил нүүлгэсэн зарим ТҮЦ эргэн ирлээ
Нийслэл хотод өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн автобусны зогсоол болон нийтийн эзэмшлийн газрын 100 гаруй байршилд үйл ажиллагаа явуулж байсан 1,278 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Дахин байршуулах асуудалд нийслэл, дүүргээс хяналт тавьж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлж байв. Харин ТҮЦ эрхлэгчдийн зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулж байсан юм.
Үүнээс хойш тухайн онд зарим дүүрэгт ТҮЦ-үүдийг дахин байршуулах тохиолдол гарч байсан. Тэгвэл энэ онд ч автобусны буудал дээр ТҮЦ эргэн иржээ.
Иргэдээс өнөөдөр(2026.04.08) ирүүлсэн мэдээллээр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны 2-ын зам дагуух автобусны буудал дээр ТҮЦ ажилладаг болсон байна.
Түүнчлэн автобусны дулаан зогсоол дотор худалдаа наймаа хийж байгааг зарим хэвлэл мэдээлж байсан.
Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн оны төгсгөлд "Урт цагаан болон 32-ын тойрогт ТҮЦ эрхлэгчдэд үнэ төлбөргүй талбай, ажлын байр гаргаж өгнө" хэмээн хэлж байсан ч хэрэгжээгүй л байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





