Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"ТҮЦ эрхлэгчид балиар, заваан, баадаг, шээдэг гэх мэтээр доромжлуулдагтаа туйлын гомдолтой байна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ТҮЦ эрхлэгчид холбогдох албадын төлөөллийг урьж “ХҮЧИРХИЙЛЛЭЭР БУС ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДЬЕ” хэлэлцүүлгийг өнөөдөр Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. 

Уг хэлэлцүүлгийн үеэр Түргэн Үйлчлэх Цэг (ТҮЦ) эрхлэгч Н.Уранчимэг 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн худалдаа эрхлэгчдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн талаар ярьсан юм. 

Тэрбээр "Үндсэн хуулиар олгогдсон амьдрах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх, өмчлөх, халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, шүүхэд хандах гэх мэт олон эрх маань зөрчигдсөн учраас өнөөдөр 1,400 ТҮЦ эрхлэгчид энд цуглаад байна.

Түүгээр ч зогсохгүй балиар, заваан, баадаг, шээдэг гэх мэтээр доромжлуулсандаа маш их гомдолтой байдаг. Хамгийн гол нь төрийн албан хаагчид үүнийг санаатайгаар зохион байгуулсанд туйлын гомдолтой байна. Захиргааны хэргийн шийдвэртэйгээ ч танилцаагүй.

Энэ асуудлаар бид цагдаад гомдол гаргадаг ч хүлээж авдаггүй. Шүүхэд өргөдөл бичиж өгсөн ч хэрэг үүсгэхгүй. Өмгөөлөгч авъя гэсэн ч өмгөөлөх боломжгүй гэдэг. Ийм байхад бид хэрхэн эрхээ хамгаалах вэ? Үүнийг Төрийн байгууллагын хүмүүсээс асуумаар байна.

Нэг жишээ авахад хувийн хамгаалалтын албаны 200 гаруй ажилчдыг хөлслөөд ТҮЦ ачсан баримт бий. Хамгаалалтын байгууллага гэж ямар байгууллага байдаг вэ, байгаа объектыг хамгаалах ёстой болохоос биш хүний өмч рүү цонхоор нь дайрч ороод бүх юмыг нь гаргаж хаях үүрэгтэй биш. ТҮЦ доторх барааг суллах ажилтан нь гэхэд 100,000 төгрөгийн цалинтай.

Дүүрэг, Нийслэлээс шүүхийн шийдвэргүйгээр иргэдийнхээ өмчийг ачуулахдаа ийм их мөнгө зарцуулаад байдаг. Иргэд болохоор сайн дурынхаа үндсэн дээр хэвлэл мэдээлэл, ямарваа нэгэн үйл ажиллагаанд зарцуулахаар хэдэн төгрөг цуглуулахаар "ТҮЦ буцаан байрлуулна гэж нэг сая төгрөг авсан" гэх мэтээр худал ташаа мэдээлэл өгдөг.

Цагдаад гомдол гаргахаар төд удалгүй таны гомдол мэдээллийг шийдвэрлэсэн гэдэг хариу өгдөг. Иргэдээсээ ямар асуудлаар дуудлага өгсөн талаар нэг ч цагдаагийн байгууллагын алба хаагчид мэдүүлэг аваагүй. ТҮЦ гэдэг утгаар нь гомдлыг шууд хаачихдаг. Долоо хоногт 200 гаруй удаа дуудлага өгөхөд нэг ч удаа биднээс ирж мэдүүлэг аваагүй. Бид албан хүчээр очиж, өрөө тасалгаанд нь хүлээсний эцэст хоёр удаа мэдүүлэг өгсөн удаатай" гэв.