ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван дүүргийн таван байршилд ТҮЦ дахин байрлуулсан тохиолдол гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хотод энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн автобусны зогсоол болон нийтийн эзэмшлийн газрын 100 гаруй байршилд үйл ажиллагаа явуулж байсан 1,278 ТҮЦ-ийг нүүлгэжээ.

Гэвч чөлөөлсөн газар дээр дахин ТҮЦ байрлуулсан тохиолдол гарчээ.

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс "Сүүлийн нэг сарын байдлаар Баянзүрх дүүрэгт нэг, Баянгол дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт хоёр буюу нийт таван байршилд ТҮЦ дахин байрлуулсан байна. Уг зөрчлийг арилгуулж, нүүлгэн шилжүүллээ. Нийслэл, дүүргээс хяналт тавьж байна" гэж мэдээллээ.

ТҮЦ дахин байрлуулсан байршлууд:

зураг
 

Тус хэлтсээс мэдээлснээр нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ-ийг нүүлгэсэн байршлын газар дээр бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм байна.

  1. Баянгол дүүргийн 22, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
  2. Баянзүрх дүүрэгт “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын хүрээнд 0.5 га талбайд мод үржүүлэг хийсэн. Дугуйн болон явган хүний замын ажил 50 хувь, бусад ажил 100 хувь дууссан. Цаашид бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд бэлтгэл хангаж байна.
  3. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр га талбайд шинээр газар чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Газар чөлөөлөлтийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
  4. Сонгинохайрхан дүүргийн 8, 39, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж 39 нэгж талбарыг чөлөөлсөн.
  5. Хан-Уул дүүрэгт 2025-2026 онд Туул голын эрэг дагуу дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг хоёр үе шаттай байгуулна.
  6. Чингэлтэй дүүрэгт хоёр байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байгуулна.
  7. Налайх дүүрэгт нэг байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байгуулна.
  8. Багануур дүүрэгт гурван байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.