Ирэх онд нийслэлээс 20,000-25,000 ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XIV хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай танилцуулсан юм.

Энэ үеэр НИТХ-ын гишүүн Т.Батцогт ирэх онд нийслэлээс хэдэн ажлын байр бий болгох талаар тодруулав. Түүний асуултад НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат "2025 оны дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд 627,516 ажил эрхэлж байгаа бүртгэлтэй иргэд байгаа гэсэн мэдээлэл бий. Ажил эрхлээгүй 38,620 буюу ажилгүйдлийн түвшин 5.6 хувьтай байна.

Өнгөрсөн онд 6,024 ажлын байр шинээр нэмэгдсэн бол энэ оны эхний есөн сарын байдлаар 2,916 ажлын байр нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.

Ажил, мэргэжлийн баримжаа олгох үйл ажиллагаанд 17,399 иргэн хамрагдсан. Хөдөлмөрт бэлтгэх сургалтад 5,915 иргэн хамрагджээ.

Өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 501 иргэн ажилд орсон бол түр ажлын байраар 632 хүн хангагдсан гэсэн үзүүлэлттэй байна.

Ирэх онд үндсэндээ дагуул хотууд болон технологийн паркуудын үйл ажиллагаатай уялдуулаад 20,000-25,000 иргэнийг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байгаа. Хөдөлмөрт зуучлах ажлыг есөн дүүрэгт тогтмол хэрэгжүүлж байна" гэв.