Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинэчлэн барих ажлыг ирэх оны гуравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ
2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 13 давхар 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсаны улмаас өнгөрсөн онд буулгаад буй.
Тус орон сууцны буурин дээр нийслэлийн төсвийн 17.3 тэрбум төгрөгөөр дахин орон сууц барьж оршин суугчдыг оруулахаар энэ оны нэгдүгээр сард тендер зарлаж байв.
Орон сууцны барилгын ажлыг Дабльпирамид констракшн ХХК болон Гэрэгэтехнологи ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 11 дүгээр сарын нэгэн гэхэд гадна тохижилт болон фасадын ажлаа дуусгаж, дотор заслын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Харин 2027 оны гуравдугаар сард барилгыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах тухай гүйцэтгэгч компанид хяналт хэрэгжүүлэгч газраас илэрхийлсэн байна.
Тус байрны 63 өрхийн 218 оршин суугч өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа билээ.
Нийслэлээс гаргасан төсвийн мөнгийг ослын хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа гэм буруутай этгээдээр төлүүлнэ гэж албаныхан мэдээлээд байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
