Уншиж байна ...

Э.Очир: Дэлбэрэлтийн улмаас амь эрстсэн дөрвөн энгийн иргэнийг мартчихсан атлаа 207 дугаар байрыг нураагаад дахин барих гэж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Патрол загварын автомашинтай мөргөлдсөн осол гарснаар хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан. Үүний улмаас долоон хүний амь нас эрстэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм.

Уг дэлбэрэлтэд амиа алдсан иргэдийн ар гэр болон эрүүл мэндээрээ хохирсон иргэд Төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй талаар өнөөдөр Төрийн ордны гадна мэдээлэл өглөө. 

Дэлбэрэлтийн улмаас түлэгдэж харамсалтайгаар амь насаа алдсан иргэний хүү Э.Очир "Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн боловч ялгаварлан гадуурхалт явагдаж байна. Бид 207 дугаар байрныхантай барьцаагүй.

Тэдний орон сууцны асуудлыг шийдсэн атлаа хайртай хүмүүсээ алдсан ар гэрийнхнийг ялгаварлан гадуурхаж байна. Тиймээс шаардлага хүргүүлж, нэгдүгээр сарын 30-нд хариугаа авна гэсэн боловч одоогоор бидэнд ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй. Шаардлагынхаа хариуг авахын тулд Төрийн ордны гадна хэвлэлийн хурал хийж байна. Бид ямар нэгэн байдлаар холбоо барих гэсэн боловч чадаагүй, анхан шатны байгууллагаас хариу ирүүлээгүй. 

Миний аав Төмөрийн Эрдэнэбаатар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт алхаад харьж байх үедээ газын дэлбэрэлтэд өртөж, амь насаа алдсан.

2025 оны дөрөвдүгээр сард шүүхийн анхан шатны хэлэлцүүлэг болсон. Тухайн үед Дашваанжил компанийн гүйцэтгэх захирал агсныг яллагдагчаар татсан байсан бөгөөд дахин мөрдөн байцаалт руу шилжүүлсэн. Мөрдөн байцаагч нартай ярьж үзсэн, дүгнэлт дээр гарын үсэг зурах, сэтгэцэд учирсан хор уршгийг дүгнэх талаар яригддаг. Хамгийн сүүлд холбогдоход прокурор руу шилжүүлэх гэж байна гэсэн. 

Хоёр жил болоход хэн нэгэн биднээс уучлалт гуйгаагүй. 207 дугаар байрыг нураагаад дахин барих гэж байна, энэ бол ялгаварлан гадуурхалт. Дэлбэрэлтийн улмаас амь нас нь эрстсэн дөрвөн энгийн иргэнийг мартчихсан. Үүнийг энгийн нэг авто осол болсон юм шиг бодоод байна. Үгүй, энэ гамшгийн хэмжээний асуудал болсон" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав