Зураг
Зураг
Индэр    
2024 оны 3 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

Э.Очир: Дэлбэрэлтэд өртсөн орон сууцны иргэд ус буцалгагчаа хүртэл үнэлүүлж байна. Гэтэл бурхны оронд одсон миний аавыг хэн ч тоосонгүй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дүнжингаравын уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө болсон дэлбэрэлтийн улмаас түлэгдэж эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн харамсалтайгаар амь насаа алдсан. 

Нас барсан иргэдийн түлэгдэлтийн зэрэг нь 80-95 хувь буюу амь нас насны заалттай, амьсгалын аппаратын тусламжтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан талаар мэдээлсэн. 

Одоогоор дэлбэрэлтийн улмаас хохирсон иргэдийн хохирлын хэмжээ, ослын дүгнэлт хийх ажлын хэсгийн явц 90 хувьтай байгаа талаар УОК-оос өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. 

Үүнтэй холбогдуулсан дэлбэрэлтийн улмаас түлэгдэж харамсалтайгаар амь насаа алдсан иргэний хүүхэд Э.Очиртой цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

- Газ дэлбэрэх үед юу болсон талаар талийгаач ярьсан уу? 

- Миний аавыг Төмөрийн Эрдэнэбаатар гэдэг, 52 настай, ажил хийдэг байсан. Хүмүүс тэр дэлбэрэлтийн үеэр гурван гал сөнөөгчийг л нас барсан гэх ойлголттой байна. Үнэндээ дэлбэрэлтийн үеэр гадаа явж байсан дөрвөн иргэн хүнд түлэгдэж шархаа даахгүй нас барсан. 

Түүний нэг нь миний аав. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт алхаад харьж байх үедээ аав маань газ дэлбэрэлтэд өртсөн. 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн үед 11 дүгээр хороололд байрлах түлэнхийн төвд хүргэгдэж очсон.

Дэлбэрэлтэд өртөөд босож чадахгүй байхад гэр бүлийн хоёр хүн ирж түргэн тусламж дуудаж өгсөн байдаг. Энэ хоёр хүний буянаар би аавынхаа сүүлчийн үгийг сонсож чадсан. Мөн аав ганц хүүтэйгээ сүүлийн удаа уулзсан даа баярласан байх. 

Тухайн үед эмнэлгийн ажилчид надтай холбогдсон. Аав дээр очиход ухаан санаа нь эрүүл байсан. Гэхдээ бүх бие нь түлэгдсэнийг харах үнэхээр аймшигтай.

Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх үедээ түлэгдэлтээсээ болж гэнэтхэн галзуурлын байдалд орсон. Шархаа даахгүй, 14 хоног ухаангүй байсаар эмнэлэгт нас барсан.

- Та төрийн байгууллагуудтай ямар нэгэн байдлаар холбоо барж чадсан уу? 

Төрийн байгууллага манай гэр бүлд эмгэнэл илэрхийлээгүй, бүр холбогдсонгүй.

- Энэ талаар бодох ямар ч сөхөөгүй байсан. Эмнэлэгт асрах, оршуулах, сэтгэл санааны гүн хямрал гэх мэт хэцүүхэн байдалтай цаг хугацааг өнгөрүүллээ.

Аав минь өөрийн биш бусдын буруутай үйлдлээс болж амь насаараа хохирсон. Тиймээс гэнэтийн зүйл боллоо гээд холбогдоно гэсэн хүлээлт байсан. Гэвч авто осол шиг авч үзэж байна. Авто осол байсан бол бид тоохгүй өнгөрөөж болно. 

Нэгдүгээрт амь нас үргэдсэн, хоёрдугаарт эрүүл мэнд нь хохирсон, гуравдугаар эд хөрөнгөөрөө алдсан иргэдийн асуудлыг шийдэх ёстой. Гэтэл гурван гал сөнөөгчийг л гол хохирогч хэмээн харж байна. 

Дэлбэрэлтэд өртсөн орон сууцны иргэд ус буцалгагчаа хүртэл үнэлүүлж байна. Гэтэл бурхны оронд одсон миний аавыг хэн ч тоосонгүй. Төрийн байгууллага манай гэр бүлд эмгэнэл илэрхийлээгүй, бүр холбогдсонгүй. 

"Дэлбэрэлтээс хойш манай гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэсэн. Миний аав энгийн иргэн учраас үл тоолоо"

зураг
 

- Дэлбэрэлттэй холбогдуулан танай гэр бүлд нөхөн олговор олгоно гэсэн үү? 

- Цагдаа ирээд мэдүүлэг аваад явсан, ахиж холбогдоогүй. Нэгэнт ийм зүйл болсон учраас би дараа дараагийн арга хэмжээ авахаар явсан. Хуулиараа жилийн дараа өв залгамжлах эрх нь нээгдэнэ гэсэн.

Иймэрхүү гамшгийн үед Засгийн газраас ядаж нэг удаад яаралтай байдлаар шийдэж өгөх арга хэмжээ авахыг хүсэж байгаа. Одоогоор ээжийн сэтгэл санаа гүн хямралтай, ажилдаа ч явж чадахгүй эмнэлэгт эмчлүүлж байна.

Дэлбэрэлтээс хойш манай гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэсэн. Ийм байхад миний аавыг үл тоож байгаад дэндүү харамсалтай байна. Миний аав энгийн иргэн учраас үл тоолоо. 

Ослын дүгнэлтийг газ дэлбэрснээс болсон гэж надад тайлбарласан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар надад огт мэдээлэл өгөөгүй. Би айлын ганц хүүхэд. Өглөө инээгээд гарсан аав минь одоо байхгүй. 

- Дэлбэрэлтэд өртөж түлэгдсэний улмаас амь насаа алдсан гурван хүний ар гэртэй та холбогдсон уу? 

- Эмнэлэгт 14 хоног аавыгаа сахих үедээ уулзахад яг надтай ижил нөхцөлтэй байсан. Хэн ч тэдэнтэй холбогдож эмгэнэл илэрхийлээгүй гэсэн. Одоогоор дүгнэлт бүрэн гараагүй байна. Та нар хүлээж бай гэсэн зүйлийг цагдаагийн байгууллагаас дөрвөн хүний ар гэрд илэрхийлсэн. 

Нийгэм энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Зам, газар олголт, газ тээвэрлэж явсан машин стандартын дагуу байсан уу гэдэгт дугарах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Дахин хэн нэгэн хайртай дотны хүнээ над шиг тохиолдлоор бүү алдаасай.

Мөн 11 дүгээр хорооллын түлэнхийн эмнэлгийн ажилчид чин сэтгэлээсээ ажилласанд баярлаж байгаа. Тэд л бидэнд анхаарал тавьсан даа. 

"Ээж минь 30 жил ханилсан нөхрөө гэнэтхэн алдлаа. Аав бурхан болсноос хойш шөнө унтаж чадахгүй, хоол идэхгүй гүн хямралд орсон"

зураг
 

- Та гэр бүлийнхээ нийгмийн баталгааг Засгийн газраар хангуулах талаар ямар байр суурьтай байгаа вэ?  

- Аав нас барсан ч амьдрал цаашаа үргэлжилнэ. Эцэг эх маань бусадтай ижилхэн өр зээлтэй байсан. Үүнийг ярихаар хүмүүс их хэмжээний мөнгө нэхлээ гэж хардана.

Үнэндээ надад ямар ч мөнгө, туслалцаа хэрэггүй. Би тусдаа гарсан хүн. Харин ээжийн минь сэтгэл санааны хохирлыг үнэлэх ёстой. Ээжийг эмнэлэгт хэвтэж байгаа үеийн бүх урсгал зардлыг би хувиасаа гаргаж байгаа. Улсаас нэг ч удаа тусламж үзүүлээгүй. 

Айлын ганц хүүхэд учраас надад тусалж дэмжих хүн байхгүй. Ажлынхаа хажуугаар ээжийг асрах гэх мэт асуудал зөндөө. Хэрэв аав минь амьд байсан бол зээлээ төлөөд явна. 

Банктай шууд харилцаад өв залгамжлалаар зээлийг нь хаах гэхээр цаг хугацаа их орох юм шиг байсан. Иймэрхүү үед ар гэрийн сэтгэл санааны хохирлыг яаж үнэлдгийг үнэхээр мэдэхгүй. Маш их хохирч байна.

Ээж минь 30 жил ханилсан нөхрөө гэнэтхэн алдсан. Аав бурхан болсноос хойш шөнө унтаж чадахгүй, хоол идэхгүй гүн хямралд орчихсон байгаа. Хэрэв энэ зүйлээсээ гарч чадахгүй байсаар ээжид минь янз бүрийн юм тохиолдвол яах вэ.