Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

М.Бадарч: Олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд асуудалд нухацтай хандах болно

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн М.Бадарчаас допингийн төрлийн бодис илэрсэн нь батлагдсан. Түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж, улсын арслан цолыг нь хураах шийдвэрийг Ерөнхийлөгчид уламжлах болсон талаар Үндэсний бөхийн салбар хорооноос өчигдөр мэдээлсэн юм.

Үүнтэй холбогдуулан улсын арслан М.Бадарч өөрийн байр сууриа цахим хуудсаараа илэрхийлжээ. 

Тэрбээр "Монголын ард түмэн, бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие сүүлийн үед үүсээд байгаа надаас сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа албан ёсоор хоёр дахь удаагаа илэрхийлж байгаа нь энэ юм.

Би монгол үндэсний бөхөөр барилдаж сонирхож хичээллээд 12 жилийг ардаа үджээ. Хүүхэд байхаасаа бусдын адилаар дээлийн ханцуйгаа ханзартал барилдаж бөх хэмээх энэ спортод эргэлт буцалтгүй сонирхон орсноор миний амьдралын хамгийн чухал ажлын маань нэг болсноор миний бие энэ спортод сэтгэл зүрх цаг заваа бүрэн дайчилж өдий зэрэгт хүрсэн билээ.

Энэ хугацаанд шантрах асуудлууд гарч байсан ч монголын маань өв соёл болсон үндэсний бөхөөр барилдаж өв соёлоо тээж явна гэдэг нь миний хувьд маш үнэ цэнтэй нэр төрийн хэрэг билээ. Миний бие 2009 онд сумын начин, 2012 онд аймгийн арслан, 2017 онд улсын харцага ,2020 онд улсын гарди 2023 онд төрийнхөө наадамд түрүүлж улсын арслан хэмээх цол авч төр, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээхийн хамтаар өөрийн олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд олж авсандаа баярлаж талархаж явдгаа хэлэх нь зүйн хэрэг.

Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан. Харин энэ зүйлийг минь дагаад сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсаж байна. Би барилдах хугацаандаа улсын наадам болон заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн. Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг.

Харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу байсан эсэхэд дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага, гомдолтой байгаа. Мөн олон зүйл нурших илүүц биз ,тэртэй тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэднэ.

Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн өдийг хүртэл цаг хугацаанд намайг дэмжиж байсан багш, гэр бүл, нутаг нугынхан, бөх сонирхогч ард түмнээсээ, мөн намайг дэмжиж тусалж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлэхийн хажуугаар уучлалт хүсэж байгааг минь хүлээн авна уу.

Монгол төрийн маань алтан соёмбо сэвгүй тунгалаг байж, монгол наадам, монгол бөхийн маань ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай. Та бүхнээ хүндэтгэсэн Монгол улсын арслан М.Бадарч" хэмээн бичжээ. 

Зураг
32 | 14 цаг