Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чулууныг Олон улсын Монгол судлалын холбооны үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэрхэн шийдэх ёстойг тайлбарлав

Т.Саран, iKon.mn
2023 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал болж буй. Энэ удаагийн их хуралд Олон улсын Монгол судлалын холбооны Дэд ерөнхийлөгч, Пенсильванийн Их Сургуулийн Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүд Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуунаас болж оролцож чадаагүй талаараа мэдэгдэл гаргасан.

Түүнчлэн тэрбээр С.Чулууныг Олон улсын Монгол судлалын холбооны үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой хэмээн үзэж байгаа юм. 

Тэгвэл Кристофер Этвүүдийн хүсэлтийн дагуу С.Чулууныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал яригдвал ямар дүрэм үйлчлэх талаар судлаач Л.Мөнх-Эрдэнэ дараах бичвэрийг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. 

Тэрбээр "Нээлттэй захидлаас үүдэн Монгол судлаач олон эрдэмтэд асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ гэсэн асуултыг их тавьж байгаа тул миний бие ОУМСХ-ны 2014 онд батлагдсан эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу хариу өгөх нь зүйтэй гэж үзлээ" хэмээсэн байна. 

Түүнчлэн дүрмийг дараах байдлаар тайлбарлажээ. 

УДИРДАХ БАЙГУУЛЛАГУУД:

Холбооны дүрмийн V бүлэгт зааснаар “Холбооны удирдах дээд байгууллага нь Олон улсын монголч эрдэмтдийн Их хурал, Их хурал дээр сонгон байгуулагдсан Зөвлөлдөх товчооноос бүрдэх бөгөөд Их хурал, Зөвлөлдөх товчооны хурлын чөлөөнд бүх үйл ажиллагааг НБДНГ эрхлэн гүйцэтгэх” ёстой.

Ингэхдээ Дүрмийн V-гийн 1.4-д зааснаар “Монгол судлалд гарамгай амжилт гаргасан эрдэмтдийн дотроос Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Зөвлөлдөх товчооны бүрэлдэхүүн, Ерөнхий нарийн бичгийн даргыг Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар сонгон батламжилна”.

СОНГУУЛЬТ ХУГАЦАА:

Эдгээрийн бүгдийнх нь сонгуульт хугацаа 5 жил. Тухайлбал V-гийн 2-т Холбооны Ерөнхийлөгч нь их хурлаас 5 жилийн хугацаагаар сонгогдох бөгөөд дараагийн их хурлаар улируулан сонгож болно.” Мөн V-гийн 4-т “Ерөнхий нарийн бичгийн дарга их хурлаас 5 жилийн хугацаагаар сонгогдох бөгөөд дараагийн их хурлаар улируулан сонгож болно” гэж заажээ. Харин V-гийн 3.6-д зааснаар “Зөвлөлдөх товчооны бүрэн эрхийн хугацаа дараачийн ээлжит Их хурал хүртэл хүчинтэй” болно.

Тиймээс өмнөх хурлаас сонгогдсон Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Зөвлөлдөх товчооны бүрэлдэхүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын сонгуульт хугацаа дууссан төдийгүй, Зөвлөлдөх товчоо аль эрт тарсан.

Одоо Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Зөвлөлдөх товчооны бүрэлдэхүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийг Олон улсын монголч эрдэмдтийн Их Хурал хийх ёстой.

Ингэхдээ 1.4-д зааснаар “Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар сонгон батламжилaх” ёстой. Үүний тулд V-гийн 2.2-т зааснаар “Их хурлын бүгд хуралдаан” хуралдах ёстой бөгөөд түүнийг эдүгээгийн Ерөнхийлөгч “даргална”. Тиймээс зөвхөн Ерөнхийлөгч дараагийн Ерөнхийлөгчийг сонгогдох хүртэл их хурлын бүгд хуралдааныг даргалах үүрэгтэй. Энэ нь Профессор Агнеш Берталан Их хурлын бүгд хуралдааныг хуралдуулж дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах үүрэгтэй гэсэн үг.

ХЭН СОНГОГДОХ ЁСТОЙ ВЭ?

1.4-т зааснаар Монгол судлалд гарамгай амжилт гаргасан эрдэмтэд! Өөрөөр хэлбэл зөвхөн эрдэмтэн, Монгол судлаач эрдэмтэн, гэхдээ гарамгай амжилт гаргасан эрдэмтэн. Тиймээс гарамгай амжилт гаргасан эрдэмтэн хэнийг ч, эсвэл хэн ч нэрээ дэвшүүлж болно гэсэн үг. Харин одоогийн бүрэлдэхүүнд байгаа эрдэмтэн бус этгээдүүд дүрмийн бус гэсэн үг.

ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар шийднэ. Санал хураалтыг ил, эсвэл далд явуулах зохицуулалт байхгүй байна. Тиймээс хурал өөрөө шийднэ гэсэн үг.

Гэхдээ 3.5-д зааснаар “Зөвлөлдөх товчооны бүрэлдэхүүнд Холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна монгол судлалын нийгэмлэг, төвүүдийн төлөөлөгчид болон үндсэн салбар мэргэжил болгоноос төлөөлөл бүхий нэрт монголч эрдэмтэд орсон байвал зохино”.

ЖИЧ: Миний бие 2016 оны Монголч эрдэмтдийн их хуралд оролцсон. Гэвч холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Зөвлөлдөх товчооны бүрэлдэхүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын сонгуульд оролцоогүй.

Монголч эрдэмтдийн Их хурлын бүгд хуралдаан болж, сонгууль явуулсныг ч мэдэхгүй юм. Ингэхэд дүрмийн дагуух сонгууль болсон юм уу? Дүрмийн дагуу сонгууль явагдаагүй бол одоогийн удирдлага дүрмийн бус гэсэн үг биш үү? Энэ удаа ямар ч байсан Монголч эрдэмтдийн их хуралд оролцож байгаа эрдэмтэн та бүхэн бүгд хурлаа хуралдуулж удирдлагаа дүрмийнхээ дагуу өөрсдөө сонгоорой. Та бүхэнд амжилт хүсье!

зураг