Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадам тэнүүн дэлгэр болж өндөрлөлөө.
Энэ жилийн наадмын нээлтийн тоглолтын найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, зөвлөхөөр Ардын багш С.Дулам ажилласан юм.
"Эв мөнхийн тусгаар Монгол" нэрийн дор зохион байгуулагдсан нээлтийн ёслолын арга хэмжээний эхэнд эхдээ тэмүүлэх ирж, эрхлэх унага монгол түмний хайрыг татаж байв.
Мөн Төрийн тахилгат их хайрхдаа магтан дуулж, биелгээ хийцгээн монголчуудын уламжлалт соёл заншлын онцлогийг тодотгон харууллаа.
Наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий найруулагч Б.Анар "Наадам гэдэг Монголын ард түмний энергийн төвлөрөл юм. Нэг өдөр, нэг цаг үед монголын ард түмэн эвлэлдэн нэгддэгийг харуулахыг хичээсэн. Есөн өрлөгөөр эв нэгдлийг илэрхийллээ. Мөн наадмын нээлтэд монгол морийг түлхүү оруулсан" хэмээж байв.
Түүнчлэн энэ жилийн наадмын нээлтэд реппэр Big Gee, Young Mo'G нар наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлж, уран бүтээлээ хүргэсэн нь онцлох ёстой зүйлсийн нэг юм.
Энэ мэтчилэн залуу уран бүтээлчид үндэсний урлагийг орчин үеийнхтэй сүлэн наадмын нээлтийн тоглолтыг чимсний зэрэгцээ зохион байгуулагчид AR технологийг ашигласан нь дэлгэцээр үзэж буй ард олонд тун өвөрмөц шинэлэг байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "Өдгөө манай улсын нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өсөн бэхжиж, Монгол Улс дэлхий дахинд “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн үнэлэгдэх болсон нь монголчууд бидний өнөө цагийн бахархал, өнөд эрхэмлэн хадгалж явах үнэт зүйл юм.
Их зохиолч Дашдоржийн Нацагдорж нэгэнтээ “Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай, Монголын төлөө хэмээх сэтгэл миний зүрхнээ холбоотой” хэмээн шүлэглэсэн байдаг.
Тиймээс монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад сэтгэл зүрхээ зориулж, хувь нэмрээ оруулах учиртай юм" гэсэн юм.
Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 512 бөх барилдлаа. Энэ жилийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нарын зургаан аварга гурвын даваанд цолоо дуудуулснаараа онцлог байв.
Долоогийн давааны даян аварга Н.Батсуурь улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан наадамчин олны анхаарлыг татсан юм. Тус хоёр бөхийн үндсэн 20, золгох 20, тэгш барьцын 20 минутын хугацаа дууссан учир хөлийн цэцүүдийн шийдвэрээр даян аварга Н.Батсуурnau давуулсан. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүрмийн тухай хуулийн 4.15-д "Барилдааны үндсэн, дан болон давхар шуудагны барьцтай барилдах, тэгш барьцтай барилдах нийт 60 минутын хугацаанд бөхийн санаачилга харна" гэж заасны дагуу хоёр бөхийн барилдааныг шийдвэрлэсэн байна.
Мөн Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г.Ганхуяг улсын өндөр цолтой бөхчүүдийг өвдөг шороодуулсан нь энэ жилийн хүчит бөхийн барилдааны нэг онцлох зүйл байлаа. Тэрбээр дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын гарди Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг давснаар улсын харцага цолтон болсон юм.
Улсын гарди М.Бадарч Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэнээр 100 жилийн ойг тохиож буй Архангай аймгийн ард түмнийгээ баясгалаа.
Харин Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон энэ жилийн наадамд үзүүрлэн улсын гарди цол хүртэв. Ингэснээр 2009 оноос хойш Өвөрхангай аймгийн бөх Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд шалгараагүй гэсэн статистикийг зогсоосон юм.
Шинээр цол авсан бөхчүүд:
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч
Нас насны морьдын уралдсан дарааллаар айргийн таван морийг танилцуулж байна.
Төрийн наадамдаа шандас сорин уралдахаар бүртгүүлсэн морьдын сэрвээний өндрийн хэмжээг зааж, хэмжилтийн явцыг шууд дамжуулан хүргэв.
Төрийн их баяр наадмын шүдлэн насны хүлэг морьдын уралдааны түрүү магнай, аман хүзүүнд будилаан гарсан. Тодруулбал түрүүлж орсон морийг биш аман хүзүүнд орж ирж байгааг нь амдаж барилаа гэж олон нийт шүүмжилсэн.
Энэ дагуу Хурдан морины салбар хороо хуралдаад, гаргасан шийдвэрийг орлогч дарга Б.Ганбаатар нь танилцуулав. Тэрбээр "Бид барианд орж ирж буй морьдын бичлэгийг нягталж үзээд асуудлыг шийдсэн. Үүнийг хоёр уяач хоёулаа хүлээн зөвшөөрсөн.
Амдаж давхисан маягтай харагдсан учраас морь бариачийн буруу байна. Санаатай үйлдэл биш гэж өөрөө хэлж байсан. Гэхдээ шарга морийг тосож аваад барианд оруулж байгаа мэтээр нийтэд харагдсан. Ингээд зөв талаар нь хар үрээ орсон.
Зурхайд гишгэсэн хойно нь морио барьж айраг, түрүүг нь ил тод шалгаруулах ёстой. Иймд аман хүзүүнд орсон шүдлэнг түрүүлсэн гэж шийдвэрлэлээ" хэмээсэн юм.
Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд энэ жил 540 харваач цэц мэргэнээ сорилоо.
Эмэгтэй харваачдаас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахиур” багийн харваач Монгол Улсын мэргэн, спортын мастер Ө.Хатанболор 40 сумаас 38 онож түрүүлснээр улсын даян мэргэн боллоо.
Харин эрэгтэйчүүдийн төрөлд 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, Хантайшир зурхайн харваач, аймгийн мэргэн, спортын мастер С.Сүрэнжав улсын мэргэн цол хүртэв.
Урианхай сурын харваанд Баян-Өлгий Аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат Ховд Алтайн Шонхор багийн харваач Спортын мастер Д.Алтангэрэл 28 оноогоор тэргүүлж, Урианхай сурын Улсын мэргэн цолны болзол хангажээ.
Буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Дорнод аймгийн Үндэсний сурын холбоо, Хасбуу сурын холбоо, Заан Өндөр ХХК, Степп Голд ХХК-ны харваач, Буриад сурын Спортын мастер, Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхбамбар тэргүүлж, Буриад сурын Улсын мэргэн цолын болзол хангав.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Баяндун сумын Эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн Харваачдын холбооны харваач, Буриад сурын Улсын мэргэн, Спортын мастер Ч.Гандаваа Буриад сурын Хошой мэргэн цолын болзол хангасан билээ.
Үндэсний их баяр наадмын Шагайн харваанд нийт 83 багийн 656 харваач цэц мэргэнээ сорилоо. Үүнээс
Үндэсний их баяр наадмын багц мэдээллийг энд дарж унших боломжтой.
Фото сурвалжилгуудыг дараах холбоосоор үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!