"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч есөн иргэнд холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Хөвсгөл аймагт өчигдөр 11:00 цагт эхэлсэн.
Урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр 20:40 цагт дууссан бөгөөд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим оролцогчийг хохирогчоор тогтоогоогүй нөхцөл байдал илэрсэн, дүгнэлт гаргасан шинжээчид хуульд заасан эрх, үүрэг танилцуулаагүй тул дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй гэсэн үндэслэлээр прокурорт буцаажээ.
Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хуваан хариуцуулахыг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан онцлов.
Урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг хуульд заасан хугацаанд прокурор, оролцогч нарт гардуулах бөгөөд ийнхүү гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй аж.
Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Тамгын газар