Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батзориг: Газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа энэ үед барилгын үндсэн бүтээцэд ордог арматур чанарын шаардлага хангахгүй байна

П.Зоригт, IKON.MN
2023 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Барилга, Хот Байгуулалтын Яам (БХБЯ)-наас барилгын үндсэн хийц бүтээцэд ордог арматурын чанарыг сайжруулах чиглэлээр хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулжээ. 

Газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа энэ үед барилгын үндсэн бүтээцэд ордог арматур чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна.

Импортын болон дотоодын үйлдвэрлэлийн арматуруудыг зарж, борлуулж байгаа 16 ААН-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Арматурын чанарын шалгалтын хүрээнд лаборатори болон бодит туршилтыг явуулахад хэд хэдэн нийтлэг зөрчил илэрсэн гэдгийг БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг хэллээ. 

Тэрбээр "Хяналт, шалгалтаар зах зээлд худалдан борлуулж байсан зарим компанийн арматур гадаад, дотоод хөндлөн огтлол, чихний өргөн, онолын жин зэрэг механик үзүүлэлтүүдийг хангаагүй. 

  • "Цамхаг гүүр" ХХК, "Тэргүүн тэгш төмөр" ХХК-ийн борлуулж байсан импортын арматур нь мөр хоорондын зайн стандарт шаардлага хангаагүй. 
  • "Агь трейд" ХХК-ийн борлуулж буй 14 ба 16-ийн диаметрийн хэмжээтэй арматурууд мөр хоорондын зайн стандарт хангаагүй. 

Импортын арматур зарж байгаа байгууллагуудын дийлэнх нь тохирлын гэрчилгээгүй байна. Өөрөөр хэлбэл, баталгаагүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрч буй. Мөн тонн тутамдаа 40 орчим килограммын дутуу асуудлууд илэрсэн. 

16 ААН, байгууллагын зарим нь монгол арматуруудыг зарж байсан. Дотоодын гурван үйлдвэрийн нийлүүлж байгаа арматурт томоохон асуудлууд гарч ирсэн. Иймд үйл ажиллагааг нь зогсоож, арматуруудыг лацадсан. 

Илэрсэн зөрчлүүдийг хэлбэл, 

  • 14-ийн арматур нэг багцаасаа 202 килограмм дутуу, нэг тонн тутмаас 65.3 килограмм дутуу
  • 18-ын арматур нэг багцдаа 252 килограмм, нэг тонн тутмаас 71 килограммын дутуу 
  • 20-ийн арматур нэг багцаасаа 277 килограмм, нэг тонн тутамдаа 78.5 килограммын дутуу асуудлууд илэрч байгаа.

Том масстай барилга байгууламж барихад арматур нь нэг тонн тутмаас 40 килограмм бага байна гэдэг бол чанар, аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Хэдэн зуун килограмм арматур тухайн барилгад дутуу орох асуудал. Тиймээс анхаарах шаардлагатай" гэлээ. 

Хяналт, шалгалтыг хариуцаж буй улсын байцаагч "Дотоодын үйлдвэрийн нэр бүхий гурван ААН стандарт шаардлага хангахгүй байсан. Иймд гурван үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, улсын байцаагчийн акт үйлдсэн. Мөн нэг үйлдвэрт нь Зөрчлийн хэрэг нээсэн" гэлээ. 

Арматурууд тонн жиндээ хүрэхгүй байх, лабораторийн шинжилгээнд хамруулаагүй гэх мэт нийтлэг зөрчлийг ААН-үүд гаргаж байна. Эдгээр нь Барилгын тухай хуулиар зохицуулагддаг гэдгийг Ажлын хэсгийн төлөөлөл хэлж байв.