Интернэтийн тоног төхөөрөмж, программ хангамж үйлдвэрлэлийн Cisco Systems компани энэ оны нэгдүгээр сард ОХУ дахь 1.86 тэрбум рублийн ($23.34 сая) үнэ бүхий үлдэгдэл хөрөнгөө эвдэж устгасан тухай өчигдөр нийтлэгдсэн санхүүгийн тайландаа дурджээ.
Эдгээр нь голдуу сүлжээний тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн эд ангиуд байсан гэнэ.
Ингэж үлдэгдэл хөрөнгөө физик түвшинд устгах шийдвэрийг 2022 оны наймдугаар сард Cisco компанийн удирдлага гаргаж байжээ. Украины дайнтай холбоотойгоор Оросын зах зээлээс Өрнөдийн компаниуд олноор гарсны нэг нь тус компани байсан юм.
Cisco Systems компани 2022 оны гуравдугаар сард ОХУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээ бүрэн зогсоож, зургаадугаар сараас үйл ажиллагаагаа хааж байжээ. Тус компанийн шийдэл нийлүүлэгч Cisco Solutions компани бас ижил цаг үед Оросын зах зээлийг орхиж байв.
Эх сурвалж: ТАСС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!