Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Очирбат: Энхтайваны өргөн чөлөөнд тавьсан камераар нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг хянаж, зөрчлийг илрүүлж байгаа

П.Зоригт, IKON.MN
2022 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 5-19-ний хооронд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, эрчимжүүлсэн арга хэмжээ зохион байгуулсан.

Тодруулбал, Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй гэдгийг Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-аас өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл энэ арга хэмжээг зохион байгуулах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 14.4 километр цаг болж, 47.9 хувиар өссөн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат хэллээ. 

Тэрбээр "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар, нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчих ёстой.

Өмнө нь хяналт, шалгалтгүй байсан асуудал биш. Камерын хяналтаар тодорхой зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож байсан. Одоогийн арга хэмжээ бол зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн аяллын хурдыг нэмэгдүүлэх, улмаар тухайн нийтийн тээврийн үйлчлүүлэгчдийн тоог нэмэх, бусад эгнээнд зорчиж буй жолооч нар автомашинаас татгалзах зорилготой.

Энэ арга хэмжээг зохион байгуулснаар нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа зорчигчдын тоо 13 хувиар өсөж, 429,941 болсон.Гэхдээ арга хэмжээ дууссаны дараа нэгдүгээр эгнээгээр зорчиж болно гэсэн өрөөсгөл ойлголттой байж болохгүй. 

Замын хөдөлгөөний дүрэмд заасан хяналт, шалгалт хэвийн явагдана. Энхтайваны өргөн чөлөөнд тавигдсан камераар зөрчлийг илрүүлж, хяналтыг үргэлжлүүлж байгаа. Цагдаагийн алба хаагчид ч хяналт, шалгалт хийж, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцно. Иргэд E police аппликэйшний тусламжтайгаар зөрчлийн мэдээллийг зургийг нь аваад явуулбал зөрчил гаргагчид хариуцлага тооцдог" гэлээ. 

Мөн "Жолооч нар аль болох зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд орохгүй, зөрчил гаргахгүй явах нь хамгийн чухал. Иргэдийн дунд дараах хэвшмэл ойлголт байна. Тухайлбал, цагдаагийн алба хаагч харуул хамгаалалтад гарсан бол дүрэм зөрчдөггүй, байхгүй тохиолдолд дүрэм зөрчдөг. Гаднын улс оронд зорчиж, замын хөдөлгөөнд нь оролцохдоо тухайн улсын хуулийг хэрэгжүүлдэг, дүрмээ зөрчдөггүй. 

Замын хөдөлгөөнд оролцох үедээ дүрмээ баримталж, бие биедээ хүндэтгэлтэй хандан хөдөлгөөний сахилга бат, үүрэг хариуцлагаа ухамсарлах нь чухал" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/policemng/videos/691187059041908