Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шаардлага тавьсан иргэдийн жагсаал өнөөдөр 11:00 цагийн үед төв талбайд эхэлсэн.
Улмаар жагсагчдын зарим нь Маршалын гүүрэн дээр очиж, цагдаагийн алба хаагчид тус хэсгийг хамгаалалтад авсан талаар мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын холбогдох эх сурвалжаас тодруулахад "Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд төрийн тусгай хамгаалалттай газарт жагсаал, цуглаан хийхийг хориглосон байдаг. Цагдаагийн байгууллагаас хамгаалалтад гарсан шалтгаан нь энэ хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой.
Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар иргэдийн жагсаж цуглах, эвлэлдэн нэгдэх эрхэд халдаагүй. Аюулгүй байдлыг нь хангаж ажиллаж байна. Дөнгөж сая Маршалын гүүрэн дээр жагсаж байсан иргэд төв талбай руу буцаж ирлээ" хэмээн мэдээлэл өгөв.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн долдугаар зүйлд жагсаал, цуглаан хийхийг хориглох газрыг заасан байдаг. Дараах байгууллага оршин байгаа газар энэ хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!