Улсын хэмжээнд энэ жил 31,161 хүн дээд боловсрол эзэмшин төгсөж байна.
Тэдний суралцсан мэргэжлийн чиглэлийг авч үзвэл, хамгийн олон хүн бизнес, удирдахуй, хууль, эрх зүйн салбарыг сонгосон байгаа юм. Харин инженер, мэдээллийн технологийн чиглэлээр төгсөж буй хүний тоо харьцангуй бага байна.
Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт ба төгсөгчдийн мэргэжлийн тухайд БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир "Энэ жил инженерийн чиглэлээр 4,000 гаруй, мэдээллийн технологиор 800 гаруй хүн төгсөж байгаа.
Мэдээллийн технологи, цахим шилжилттэй холбоотойгоор хүний нөөцийн хэрэгцээ асар их өссөн. Мөн улс орны бүтээн байгуулалттай холбоотойгоор инженер техникийн мэргэжилтэй боловсон хүчний шаардлага их бий.
Ирэх таван жилд нийт 37-38 мянга гаруй инженер техникийн мэргэжилтэн хэрэгтэй. Гэтэл өнгөрсөн таван жилд бид инженер техникийн 17 мянган мэргэжилтэн бэлтгээд байгаа. Үүнээс мэргэжлийн чиг баримжаа олгох бодлого дутагдалтай байгаа нь харагдаж байна.
Элсэлтийн зохистой харьцаанд чиглэсэн бодлого зохицуулалт хэрэгжүүлэхгүй бол хүний нөөцийн хомстолтой энэ улсад бүгдийг нь бизнес, нийгмийн чиглэлээр бэлдээд байвал цаашид эх орныхоо хөгжилд гар бие оролцох хүний тоо багассаар байх нь. Иймд зохион байгуулалт, хөтөлбөрт онцгойлон анхаарах хэрэгтэй.
Суралцагчийн хүсэл зорилго, төсөөлөл, сонголтод суурилан төлбөр авч хичээл сургалтын үйл ажиллагааг явуулаад байж болохгүй гэдэг нь тодорхой харагдаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!