Индэр    
2022 оны 5 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч

Х.Тамир: Манай улсад ирэх таван жилд инженер, техникийн чиглэлийн 39,000 мэргэжилтэн шаардлагатай

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас хийсэн судалгаагаар манай улсад хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтыг хийж, үргэлжлүүлэхийн тулд ирэх таван жилд инженер техникийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ 39,000 байх аж. Гэтэл өнгөрсөн таван жилд энэ чиглэлийн боловсон хүчин 14,000 л бэлтгэгджээ

Иймд "Ажлын байр ихтэй, улс орны хөгжил, нийгэмд хэрэгцээтэй хөтөлбөр, мэргэжлүүдийг судалгаа тооцооны үндсэн дээр тогтоох шаардлагатай болоод байгаа"-г БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир яриандаа онцолсон юм.

ЭЕШ өгч, их, дээд сургуульд элсэн суралцах мэргэжлээ сурагчид сонгож буй энэ үед хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хүний нөөцийн дутагдалтай болсон салбар зэргийн талаар түүнтэй ярилцлаа.

зураг
 
БШУЯ

- Сүүлийн жилүүдэд байгалийн ухаан болон инженерийн мэргэжил сонгодог хүн цөөн болсон талаар зарим багш ярьдаг. Үүнээс болоод зарим хөтөлбөр хаагдахдаа тулж байгаа тухай бичсэн нь ч бий. Ярилцлагаа энэ талаар эхлүүлье. Одоогоор ямар хөтөлбөрүүд хамгийн бага элсэгчтэй байгаа вэ?

- Их, дээд сургуулиудын бакалаврын түвшинд байгалийн ухааны болон нийгмийн үйлчилгээний зарим салбарын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүд элсэгч хамгийн багатай байна.

Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлд эрэлт их байгаа боловч элсэлт багатай нь сувилахуй, малын эмч, мал зүйч, бага ангийн багш, цэцэрлэгийн багш, байгалийн ухааны багш, хоол үйлдвэрлэлийн технологи, арьс шир боловсруулах технологи гэх мэт хөтөлбөр байна.

- Эдгээр хөтөлбөрийг сонгон суралцах нь цөөрсөн шалтгааныг судалж үзсэн үү?

- Сурагчид байгалийн ухааны хичээлийн агуулгыг хүнд гэж үзэх нь өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Тэдний байгалийн ухааны хичээлүүдээр өгсөн ЭЕШ-ын дүн хэрэв тааруу байвал төгсөж буй ерөнхий боловсролын сургуулийнх нь амжилт, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэх хандлагаар хандаж суралцагчийн ЭЕШ өгөх хичээлийн тоог багасгаж, мэргэжил сонголт хийх боломжийг хязгаарлагдмал болгох тохиолдол их байна.

Мөн тухайн ажлын байрны үнэлэмж, нийгмийн баталгаа, цалин хөлс бага байх зэрэг олон хүчин зүйлээс хамаарч элсэлт буурсан дүгнэлт гарч байна.

- Та түрүүн сувилагч, багшийн эрэлт их байгаа ч элсэгч цөөн байгааг дурдсан. Үүнийг дэмжихийн тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Төрөөс сувилагч болон багшийн мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдад тэтгэлэг олгож байгаа.

Ажлын байр ихтэй, улс орны хөгжил, нийгэмд салбарт хэрэгцээтэй хөтөлбөр, мэргэжлүүдийг судалгаа тооцооны үндсэн дээр тогтоох шаардлагатай болоод байна. Аливаа салбарын хөгжил нь тухайн салбарын хүний нөөцийн чадавхаас шууд шалтгаалдаг бөгөөд улс орны хөгжилд оруулах үр нөлөө ч нэмэгддэг учиртай.

Сурагчид байгалийн ухааны хичээлийн агуулгыг хүнд гэж үзэх нь өдөр ирэх тусам нэмэгдэж байна

Жишээлбэл, арьс шир боловсруулах технологийн шилдэг мэргэжилтэн бэлтгэж, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлбэл нэг талаас малчдын малын арьс шир үнэ цэнтэй болох, нөгөө талаас үнэ цэн дагаж үйлдвэрлэлийн шаардлага хангасан арьс шир нийлүүлэхийн тулд малыг эрүүл болгох чиг үүрэгтэй малын эмч, мал зүйч, мал аж ахуйн мэргэжлийн хүний хэрэгцээ, эрэлт бий болно. Арьс боловсруулах үйлдвэрлэлд оролцох үйлдвэрлэлийн инженер, хими технологи, биотехнологи, хэрэглээний физик, материалын технологи гээд олон ажлын байр бий болох, цаашилбал, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар, гар урлалын салбар хөгжих, үйлдвэрлэл дагасан зах зээл өргөжих гээд олон асуудлыг шийдэх боломжтой юм.

Иймээс тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлийн суралцагч болон хөтөлбөрийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг шинэчилж байна.

- Цаашид хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг юу гэж дүгнэж байна вэ?

- Улс орны хөгжлийг авч явах, аж үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдийг Шинэ сэргэлтийн бодлого болон мега төслүүд, одоо бүтээн байгуулалт явагдаж буй аж үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэхтэй холбоотой судалгаа, тооцооллыг хийх хэрэгтэй байгаа юм.

Тухайлбал, зөвхөн инженер, техникийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ ирэх таван жилд 39,000 байна. Гэвч, өнгөрсөн таван жилд инженер техникийн чиглэлээр 14,000 хүн суралцаж төгссөн. Энэ байдлаар цааш үргэлжлэх юм бол ирэх таван жилд дээрх хэмжээний инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх боломж хомс байна гэсэн үг.

Мөн өнгөрсөн таван жилд эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр 40 мянга орчим хүн суралцаж төгссөн боловч ажлын байрны эрэлт, хэрэгцээ ханасан, илүүдэлтэй байна.

Төмөр замын бүтээн байгуулалт, нефтийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн боловсруулах үйлдвэр, тээвэр ложистик, нано инженерчлэл, мэдээллийн технологи, үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженерчлэлийн чиглэлийн инженер техникийн боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх, тогтвортой ажиллуулах, мэргэжлийн ур чадварыг тогтмол дээшлүүлж байх тогтолцоог бүрдүүлэх ажил биднийг хүлээж байна.

Хэдийгээр ямар мэргэжил эзэмших нь хувь хүний сонголт ч гэсэн нийгэмд эрэлт хэрэгцээ нь буурсан, ажлын байр олдохгүй байгаа мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг, зээл олгох боломж байхгүй

Мөн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг харгалзах ёстой. Жишээлбэл, биотехнологи, нанотехнологи, генийн инженерчлэл гэх зэрэг тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдээ дэмжиж, улс орны хөгжилд чухал шаардлагатай, гол үүрэг гүйцэтгэх чиглэлээр суралцаж байгаа суралцагчдыг төрөөс дэмжих тэтгэлэг, зээл олгох бодлогыг шинэ шатанд гаргах шаардлага бий.

Дээд болон мэргэжлийн боловсролын тэргүүлэх, эрэлттэй хөтөлбөрийн жагсаалтыг шинэчлэх, зээл тэтгэлгийн бодлогоо оновчтой болгох, хөтөлбөрийн чанарын үнэлгээний шалгуур шаардлагыг гүйцэтгэлд суурилсан аргачлалд шилжүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

- 2020 онд Төрийн сангийн зээлийг зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцагчдад олгохоор болсон. Ингэснээр бусад мэргэжлийг ялгаварлаж байгаа хэрэг хэмээн оюутнууд ихээхэн эсэргүүцсэн?

- Өмнө нь Боловсролын сангийн зээлээр суралцаж буй хүмүүсийн 40 орчим хувь нь эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлийнх байсан бол сүүлийн жилүүдэд тэргүүлэх мэргэжлээр суралцагчдад уг зээлийг олгож байна.

Хэдийгээр ямар мэргэжил эзэмших нь хувь хүний сонголт ч гэсэн нийгэмд эрэлт хэрэгцээ нь буурсан, ажлын байр олдохгүй байгаа мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг, зээл олгох боломж байхгүйг бүгд ойлгож байгаа болов уу.

- Ярилцсанд баярлалаа.