Боловсролын салбарынхан өнөөдөр 2021-2022 оны хичээлийн жилийн нэгдсэн хурлаа хийж байна.
Хурлын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ерөнхий мэдээллийг танилцуулав.
Тэрбээр өнгөрөн одож буй энэ хичээлийн жилд танхимын сургалтыг эхлүүлсэн нь тун оновчтой шийдвэр байсныг онцолсон юм.
Түүнчлэн "Цар тахлын улмаас сургалтын хоцрогдол ихээхэн гарсан. Гэхдээ амжилттай нөхөж буй сайн жишээнүүд бий. Жишээлбэл, suraad.mn платформын үүсгэн байгуулагч Э.Энхпүрэв сүүлийн жилүүдэд Элсэлтийн Ерөнхий Шалгалтад улсдаа хамгийн бага оноо авсан 42 сургуулийн нийт 12,000 сурагчийг математикийн хичээлийн хоцрогдлыг нөхсөн.
Үүний зэрэгцээ цахим платформуудыг хөгжүүлэх нь чухал. Тухайлбал, medle.mn бол хаана сурч, ажиллаж байгаагаас үл хамааран хамгийн сайн багшийн хичээлийг үзэх боломжтой. Цаашид виртуаль сургууль болгоно" гэлээ. medle.mn виртуаль сургууль болсноор сурагчид бүртгүүлж, хүссэн хичээлээ сонгон судлах боломжтой болох аж.
Харин Үдийн хоол хөтөлбөрийн тухайд сайд Л.Энх-Амгалан "Сурагчдын 70 хувь нь өглөө хоосон ходоодтой хичээлдээ ирдэг. Хоосон ходоодтой хүүхдийг тархи ажилладаггүй, сурах идэвх бага байдаг. Үдийн хоол хөтөлбөрийг Эрүүл мэнд, Иргэний боловсрол, Биеийн тамир зэрэг хичээлтэй интаграцид оруулж, эрүүл зөв амьдралын хэв маягийн дадал хэвшлийг олгож болохоор байна. Цаашид 5-9 дүгээр ангийн хүүхдүүдийг Үдийн хоол хөтөлбөрт оролцуулах боломжтой гэж үзэж байгаа" гэв.
Ирэх жил үнэлгээний тогтолцоог төгөлдөржүүлэхэд анхаарах, цахим шилжилтийг гүнзгийрүүлэх, Үдийн хоол, сургууль бүрд сэтгэл зүйч ажиллуулах зэрэг хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх зэрэг зорилтоо танилцууллаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!