Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Шатахууны нөөц хэвийн буюу 45 хоногийн нөөцтэй байна.
Сүүлийн жилийн хугацаанд дэлхийн зах зээлд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71.3 хувиар өссөн нь 2013 оноос харагдаагүй өндөр үзүүлэлт. Үүн дээр нэмээд он гарсаар дээрх төрлийн шатахууны үнэ 45-48 хувиар өссөн байна.
Бидний 2022 оны дөрөвдүгээр сард худалдаж авсан шатахууны үнэ дэлхийн зах зээлд тонн нь 1,110 ам.доллар байна. Үүнийг өртгөөр нь тооцвол литр нь 3,330 төгрөг болж байгаа. Өөрөөр хэлбэл, гаднаас шатахуун литр нь 3,330 төгрөгөөр орж ирж байна гэсэн үг.
Бид өнгөрсөн долоо хоногт манай улсад шатахуун импортлогч "Роснефть" компанитай гэрээ хэлцэл хийж, энэ оны зургаадугаар сар хүртэл нэг тонныг нь 830 ам.доллароор авах болсон. Мөн Засгийн газраас АИ-92 шатахууны гаалийн татварыг тэглэсэн.
Эдгээрийн үр дүнд зах зээлд 3,330 төгрөгөөр зарагдах АИ-92 бензин 2,390 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна" хэмээн ярилаа.
Мөн тэрбээр "Миний бие ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны Ази хариуцсан дэд сайд Алексей Владимирович Груздевтэй уулзсан. Энэ үеэр манай уул уурхайн салбарын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарах удаашралыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирсон.
Түүнчлэн ОХУ-аас дизель түлшний үнэд хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийн талаар санал тавьсан. Манай талаас дэвшүүлсэн уг саналын хариуг "Роснефть"-ээс энэ долоо хоногт хариу өгнө" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!