Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний талаар танилцуулахын зэрэгцээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэр PCR шинжилгээний цэг болон цэгүүдэд авах сорьцын тоог нэмэгдүүлэх боломжтой талаар тодруулав.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өдөрт хийгдэх PCR шинжилгээний норм нь 12,000. Үүндээ тултал шинжилгээ хийж байгаа. Халдвар өргөн тархсан энэ үед PCR шинжилгээнд үргүй зардал гаргахгүй байж, үүнд зарцуулах мөнгийг эмчилгээнд зориулах нь зөв гэж үзэж байгаа" гэлээ.
Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд "Цар тахлын үед шинжилгээ их хийх нь ач холбогдол багатай. Иймд урьдчилан сэргийлэхэд ихээхэн анхаарч байгаа. Их, дээд сургуулиудад нийт хичээлийнхээ 70 хүртэл хувийг цахимд шилжүүлэх зөвлөмж өгсөн.
Шинжилгээний тооны хувьд үндсэн цэгүүдэд 100-150 сорьц авч байна. Энэ нь хангалттай тоо.
Иргэний эрх, үүрэг гэж бий. Иргэн та үүргээ сайн биелүүлж, амны хаалтаа тогтмол зүүж, хоорондын зайгаа сайн баримтлаарай. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь гэр бүлийн орчинд өргөн тархаж байгаа тул хүүхдүүдээ дулаан хувцаслаарай.
Амралтын өдрүүдэд лагерь гарч байна гээд хүүхдүүдээ дааруулснаар Даваа гарагт эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байгаа. Иймд тогтмол дулаан хувцаслаж, нэг температурт байлган, халуун бүлээн зүйл сайн уулгаж байх хэрэгтэй" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!