Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Байшингаа зөв дулаалах нь олон талын үр өгөөжтэй

ikon.mn
2021 оны 5 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Хувийн сууцаа дулаалсны үндсэн дээр мөнгө хэмнэж, гэр доторх ая тухтай байдал нэмэгдсэн учраас байшингийн дулаалга хийлгэх нь хамгийн зөв шийдвэр болсон” хэмээн “Дулаан шийдэл” төсөлд хамрагдсан иргэн Г.Энхцэцэг ярив.  

 “Дулаан шийдэл” төслийн хүрээнд хийсэн өвлийн хэмжилтийн ажлаар бүтэн дулаалгатай айл өрхүүд дулаалгагүй өрхөөс 2.5 дахин бага түлш хэрэглэдэг болохыг тогтоожээ. Түлшинд зарцуулах байсан мөнгөө хуримтлуулснаар хувийн сууцандаа засвар хийх эсвэл үр хүүхдүүддээ хөрөнгө оруулах боломж олгож байгааг өвлийн хэмжилтийн ажлаар мөн харуулжээ.

“Дулаан шийдэл” төсөл нь дулаалгын ач холбогдлыг таниулах, дулаалгатай болон дулаалгагүй байшин сууцны дулаан алдагдлыг хэмжих зорилгоор Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн дунд өвлийн хэмжилтийн ажлыг зохион байгуулдаг. Уг ажлын хүрээнд олон төрлийн хэмжилт хийдэг бөгөөд үүнд: байшингийн дотор агаарын чанарыг хэмжих, өрхийн түлшний зарцуулалтыг хэмжих, мөн ингэснээр өрхийн ялгаруулж буй хүлэмжийн хийг тооцоолох гэх мэт ажил багтдаг.

“Дулаан шийдэл” төслөөр дамжуулан байшингаа дулаалуулсан иргэн Б.Мөнхзул мөн дулаалгын ач холбогдлын талаар хэлэхдээ “Хувийн сууцандаа бүтэн дулаалга хийлгэсний дараа гал түлэх нь илт багассан учир бид байшингаа дан цахилгаан халаагуураар халаадаг болсон. Энэ нь бидний амьдралд их эергээр нөлөөлж гал түлэхэд огт санаа зовохоо больсон” гэв.

Хувийн сууцаа дулаалуулсан иргэн Б.Мөнхзултай адил байшиндаа бүтэн дулаалга хийлгэсэн айл өрхүүдийн 30% нь уламжлалт зуухаа цахилгаан халаагуураар сольсныг хоёр дахь жилийн өвлийн хэмжилтийн ажлын тайлангийн үр дүн харуулжээ.

Бүтэн дулаалга хийлгэх нь зөвхөн мөнгөнд хэмнэлттэй байгаад зогсохгүй байшингийн дотор агаарын чанарыг сайжруулах эерэг нөлөөтэй

Өвлийн хэмжилтийн үр дүнд дулаалга хийлгэсэн айл өрхийн галлагааны тоо эрс багассаныг бид өмнө дурдсан. Тэгвэл ажлын тайланд харуулснаар бүтэн дулаалгатай айл өрхийн түлшний хэрэглээ 2,5 дахин багассанаас гадна түлшинд зарцуулах мөнгөө хэмнэж бусад чухал хэрэгцээндээ зарцуулж эхэлсэн байна.

Галлах тоо багассанаар дотор утаа униар үнэртэх нь багасаж агаарын хэм тогтворжиж гэртээ байхад илүү тав тухтай болсон. Мөн байшин доторх агаарын хэм жигд, нэг хэвийн болж, халуун хүйтэн харшлахгүй байгаа нь бидэнд их тухтай байгаа” хэмээн байшиндаа дулаалга хийлгэсэн иргэн Г.Эрдэнэбилэг мөн хэлэв.

“Дулаан шийдэл” төслийн анхны болон хоёр дахь жилийн өвлийн хэмжилтийн тайланг та бүхэнд энд танилцуулж байна. Харин 3 дахь жилийн хэмжилтийн ажлыг хийж дуусгасан бөгөөд энэ удаад 45 айлд 3 сарын турш хэмжилт хийлээ. Уг 45 айлыг төслийн баг технологийн дагуу зөв дулаалсан, өөрсдөө дулаалсан, болон огт дулаалаагүй хэмээн гурав ангилж харьцуулан хэмжилт хийлээ.

Өвлийн хэмжилтийн тайлангийн үр дүнд өөр нэгэн сонирхолтой баримт батлагдсан нь хүний өөрийн зөв хэвшил болох тогтмол агаар сэлгэх, агааржуулагчаа ажиллуулах нь нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй байшингийн дотоод агаарын чанарыг сайжруулж байгааг үзүүлсэн явдал юм. 

Өвлийн хэмжилтийн ажлаар дамжуулан чанартай дулаалгын ач холбогдлыг айл өрхөд харуулж чадсан нь миний хувьд маш сонирхолтой даалгавар байлаа. Жишээ нь технологийн дагуу хийгдсэн дулаалга нь өрхийн түлшний зарцуулалтыг эрс багасгаад зогсохгүй дотоод агаарын хэмийн хэлбэлзлийг бууруулсан нь оршин суугчдад их тав тухтай байгааг харахад мөн таатай байна” хэмээн Өвлийн хэмжилтийн ажлыг гардан зохион байгуулж буй “Дулаан шийдэл” төслийн техникийн мэргэжилтэн Э.Отгонзул хэлэв.

Үүнээс харахад өвлийн хэмжилтийн ажлын тайлан нь чанартай дулаалга олон талын үр өгөөжтэйг баталснаас гадна үүний ачаар Коронавирусын цар тахлын үед оршин суугчид гэртээ тав тухтай, аз жаргалтай байсныг харуулж байна. Өвлийн хэмжилтийн ажлыг “Дулаан шийдэл” төслийн хүрээнд Жэрэс олон улсын ТББ, Барилгын Эрчим Хүчний Хэмнэлтийн төв хийдэг бөгөөд уг төсөл нь нь гэр хорооллын байшин сууцыг технологийн дагуу, чанартай материалаар, дулаалгын мэргэшсэн бригадуудаар  дулаалуулах замаар эрчим хүчний хэрэглээг багасгаж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.


“Дулаан шийдэл” төслийн тухай 

Европын Холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУ-ын ТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Чех Улсын Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.

Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-ын тухай

Төслийг удирдан хэрэгжүүлдэг Жэрэс нь Европ, Африк, Ази тивд 40 гаруй жил ажиллаж буй эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн олон улсын төрийн бус байгууллага бөгөөд ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах үйл ажиллагаа явуулдаг.

Төсөл хэрэгжүүлэгч Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн тухай

ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн харьяа Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төв дэргэдээ “Барилгын Дулааны Физик Агаарын Судалгаа”-ны итгэмжлэгдсэн лабораторитой, барилгын салбарт эрчим хүчний хэмнэлттэй техник технологийг нэвтрүүлэх зорилготойгоор туршилт, судалгаа, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Утас:  + (976) 99033553, И-мэйл: beecmongolia@gmail.com

Веб:  BEEC.MN

Facebook: BEEC | Facebook

Төсөл хэрэгжүүлэгч Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын тухай

Монгол Улсын томоохон үндэсний бүтээн байгуулагчдыг эгнээндээ нэгтгэсэн, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэдэг, барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн том нэгдэл болох салбарын мэргэжлийн, манлайлагч байгууллага юм. Ассоциаци нь барилгын салбарт бодлого, эрх зүй, эдийн засгийн шинэчлэлийг хийхэд нөлөөлөх замаар төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, үндэсний хэмжээнд гишүүн байгууллагуудынхаа ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж төлөөлөх, барилгын салбарын бичил-жижиг-дунд (БЖД) бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг.

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын “Чингэлтэй дүүрэг дэх салбар”:

Утас:  + (976) 7011 1515, И-мэйл: geres_pc@mnca.mn,

Веб:  www.mnca.mn,

Ф:  www.facebook.com/www.mnca.mn

Төсөл хэрэгжүүлэгч Пипл ин нийд олон улсын ТББ-ын тухай

ПИН хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө онцгой байдлын тусламжаас гадна тогтвортой амьжиргааг дэмжих, хоршоо, иргэний нийгмийн байгууллагууд ба төрийн албаныхны чадавхыг нэмэгдүүлэх, дээд боловсролыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах болон агаарын бохирдлын тухай иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

* * *

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.