Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Жилд 157,000 хүн үйлчлэх хүчин чадалтай Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орлоо

ikon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Сонгинохайрхан дүүргийн 157,000 хүн амд үйлчлэх жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орж байна.

Тус эмнэлэг нь нийт 200 ортой, 16,000 м.кв талбайтай бөгөөд эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ. 

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Ерөнхий сайд УИХ-ын чуулганд оролцож байгаа тул хэлэх үгээ дайсаныг уншиж танилцуулъя. Монгол хүний эрүүл амьдрах нөхцөлийг хангахад олон улсын байгууллагуудын хувь нэмэр үнэтэй билээ. Эрүүл мэндийн салбарт АХБ 37 сая ам.долларын буцалтгүй тусламж, 240 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг үзүүлэн хамтран ажиллаж байна. 100 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй, жилд 150,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай шинэхэн эмнэлгийг Монгол Улсын Засгийн газар, АХБ хамтран нээж байна. Эмнэлгийн орц, гарц, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалт юм. КОВИД 19-ийн халдвар тархсан хүнд цаг үед энэхүү эмнэлгийг нээж өгч байгаад Ерөнхий сайд миний бие талархал илэрхийлж байна.

Тэрбээр тус дүүргийн тойргоос УИХ-д сонгогдон гарсан гээд "10 жилийн дараа энэхүү том эмнэлэг нээгдэж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил хамтран ажиллаж буй АХБ болон донорууддаа талархлаа илэрхийлье.

Энэ барилга байгууламжийг бүтээн байгуулсан компанийн хамт олны цаашдын ажилд амжилт хүсье. КОВИД-оос болж хойшлогдсон ч өнөөдөр энэ эмнэлгийг нээж байгаадаа баяртай байна" гэв.

Тухайн эмнэлэг 7 хоног ус, цахилгаангүй байх боломжтой

Эрүүл мэндийн төслийн зохицуулагч “СХД-ийн нэгдсэн эмнэлэг нь тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай. Нийт барилгын талбай нь 16, 667 мкв талбайтай. Нийт дөрвөн давхар барилга юм. Барилгын өндөр 22.3 метр. Хоёр орц гарцтай. Нийт 183 машины зогсоолтой. Тус нэгдсэн эмнэлэг нь СХД-ийн 150 мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Ингэснээр нийт 300 мянган хүн амтай болсон байгаа ч гэсэн үлдсэн хүн амд одоогийн эмнэлэг үйлчилгээ үзүүлнэ. Өрөө болгон нэгдсэн газын систем, автомат удирдлагуудтай.

Нэгдсэн эмнэлэг амбулаторийн 27 тасаг, өдрийн эмчилгээний хэсэгтэй. Өдрийн эмчилгээний хэсэг гэдэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд сүүлийн 10 жил өргөн нэвтэрч байгаа. Ялангуяа олгой, дурангийн мэс заслыг өдрийн мэс заслаар хийх боломжтой.

Мөн хими, болон туяа эмчилгээг хийж болно. Гурван хагалгааны, гурван мэс заслын өрөөтэй. Осол гэмтэл болон өөр бусад мэс ажилбаруудыг хийх боломжтой тоног төхөөрөмжөөр хангагдсан. 

Өвчтөний урсгалыг дэлхийн жишгээр хийж өгсөн. Ариутгалын тасаг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан. Өөрийн гэсэн угаалгатай. Хагалгаанд шаардагдах болон ариун тоног төхөөрөмжийг агуулах газартай. Бохир зүйлийг гараар барихгүйгээр тоног төхөөрөмжөөр авахаар зохицуулсан. Байгалийн гэрлийг тухайн барилгад ашиглахаар зохицуулж өгсөн.

Агаар сэлгэлтийн тогтолцоог Монголын эмнэлэгт анх удаа нэвтрүүллээ. Тус тусдаа өөрийн гэсэн бие даасан системтэй. Хагалгааны өрөөнүүд мөн бие даасан уламжлалын агаар сэлгэх системтэй. Хүчилтөрөгчийн дэд станцтай. Тухай эмнэлэг нь 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Ямар нэгэн онцгой байдал тохиолдсон үед тухайн эмнэлэг 7 хоног ус, цахилгаангүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл өөрөөсөө хангана гэсэн үг.

Олон улсын жишгээр эмнэлгийн бие даасан байдлыг нэмэгдүүлсэн. Тасаг болгон өөрийн гэсэн онцлогтой. Дүрс оношлогооны тасагт олон чадалт томографын аппаратыг суурилуулсан. Ханыг цацраг туяаны хамгаалалттай хийсэн” гэдгийг хэллээ. 

Олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийн хүлээлгэн өгөх түүхэн үйл явц болж байна

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг “Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй, эрүүл мэндийн салбарын хөгжил 4 төслийн хүрээнд СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн нээлтийн ажиллагаа болж байна. 250 ортой олон улсын стандартад нийцсэн иж бүрэн нэгдсэн эмнэлгийн хүлээлгэн өгөх түүхэн үйл явц болж байна.

Азийн хөгжлийн банк нь эрүүл мэндийн салбарт өрхийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, эрүүл мэндийн салбар хөгжил 4 төслийн хүрээнд  СХД-т эмнэлэг барьж байгуулах, эрүүл мэндийн салбар хөгжил 5 төслийн хүрээнд цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эмнэлгийн халдвар хамгаалал хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл мэндийн салбар хөгжил 6 төслийн хүрээнд эмзэг бүлгийн иргэдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэргээр тууштай хамтран ажиллаж байгааг дурдъя.

Эрүүл мэндийн салбарт оношилгоо эмчилгээ шинэ технологийг нэвтрүүлсэн жишиг эмнэлгийг өнөөдөр хүлээн өгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан Азийн хөгжлийн банк, хамтран ажилласан нийт хүмүүс болон төслийн багийнханд талархал илэрхийлье” гэлээ.