Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа айл өрхүүдээс шинжилгээ авна

ikon.mn
2021 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байна. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг системд ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, зарим үүрэг, чиглэлийг өглөө.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт шинжилгээ авах 87 түр цэг, 191 явуулын багт 1,414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, явуулын багийн шинжилгээ авах үйл явцыг камераар шууд хянаж байгаа юм. 

Түүнчлэн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах хаяг байршлын талаарх гомдол “CallCenter”-т ирсэн нийт дуудлагын 44 хувийг эзэлж байна.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэдийн дунд үүсээд байгаа ойлгомжгүй мэдээллийг залруулж, үнэн зөв мэдээллээр хангахыг холбогдох албаныханд сануулсан юм. Тэрбээр “Дүүргүүд шинжилгээ авах газрын хаяг байршлын хуваарь гаргаад Соёлын яамны харьяанд байгуулагдсан Мэдээллийн эрсдлийн хороонд өгч байгаа. Соёлын яамнаас нэгдсэн байдлаар иргэдэд мэдээлэл өгөх ёстой. Гэвч зөрүүтэй мэдээллүүд олон нийтэд хүрээд байна. Иргэдэд ойлгомжгүй байдлаар мэдээллийг хүргэж, чирэгдэл учруулж болохгүй. Тиймээс дүүргүүд шинжилгээ авах цэг, хаяг байршлаа өөрсдөө иргэддээ мэдээллэх хэрэгтэй байна. Дүүргийн удирдлагууд шинжилгээ авах ажиллагааг сайтар зохион байгуулах ёстой. Дүүрэг хороо, иргэдээ сайн мэдэж байгаа учраас шинжилгээ авах ажиллагааг гардан зохион байгуулаад явах ёстой” гэлээ.

Мөн иргэд өрх бүрээс шинжилгээг зэрэг авна гэж ойлгоод шинжилгээ авах цэгүүд дээр очсон тохиолдол бий. Энэ асуудалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тайлбар хийлээ. Тэрбээр “Эхний ээлжинд буюу хоёрдугаар сарын 11-13-ны хооронд нийслэлийн халдварын идэвхтэй бүс буюу улаан бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна. Харин ногоон бүсэд байгаа буюу үлдсэн айл өрхүүд нь 13-наас хойш шинжилгээнд хамрагдана. Тухайлбал, халдварын идэвхтэй бүсэд байгаа Баянзүрх дүүргийн 28 блокийн 32100 өрхийн иргэд хоёрдугаар сарын 11-13-ны хооронд шинжилгээ өгнө. Бусад дүүргүүд мөн адил эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдээ эхний ээлжинд шинжилгээнд хамруулаад явах юм шүү” гэлээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 16 чиглэлд 180 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд шинжилгээний багт ажиллаж буй хүмүүст 70 автобус үйлчилж байгаа юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс