Энэтхэг улс нь дэлхийн нийт вакцины 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Тус улс өнгөрсөн долоо хоногт хүн амаа коронавирусийн эсрэг дархлаажуулах аяныг Британийн AstraZeneca/Oxford-ийн вакцин болон өөрийн дотоодын Bharat Biotech компанийн вакцинаар эхлүүлээд байгаа.
Энэтхэгийн Serum Institute байгууллага AstraZeneca болон Oxford-ийн хамтран бүтээсэн вакциныг бүр туршилт дуусахаас нь өмнө үйлдвэрлэж эхэлжээ.
2020 онд тус байгууллага нийт 40 сая тун вакциныг үйлдвэрлэсэн байна.
Serum-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал хоёрдугаар сараас эхлэн сар бүр 100 сая тун болж нэмэгдэхээр болжээ. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд Serum өөрөөсөө $270 саяын хөрөнгө оруулж, Bill and Melinda Gates Foundation сангаас $300 саяыг авсан байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага АstraZeneca/Oxford-ийн вакцинд зөвшөөрөл олговол үйлдвэрийнх нь үнээр дундаас доош орлоготой дэлхийн улс орнуудад нийлүүлж эхлэхэд бэлэн байгааг Serum Institute-ийн төлөөлөгч саяхан мэдэгджээ.
AstraZeneca/Oxford-ийн вакцин нь уламжлалт технологиор бүтээгдсэн тул хадгалалтын шаардлага өндөр биш, ядуу буурай улс орнуудад нийлүүлэхэд тохиромжтойд тооцогддог.
Эх сурвалж: New York Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!