Өмнөд Солонгосын засгийн газар Pfizer, Johnson & Johnson компаниудаас 16 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин худалдаж авах гэрээ байгуулсныг тус улсын ерөнхий сайд өнөөдөр зарлалаа.
Коронавирусийн цар тахлын гурав дахь давалгаанд хүчтэй нэрвэгдээд байгаа Өмнөд Солонгосын иргэд вакцинжуулалт яаралтай эхлүүлэхийг эрх баригчдаасаа шаардаж байгаа юм.
Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад шинээр бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол нь цар тахал эхэлсэн цагаас хойш хоёрт орох өндөр үзүүлэлт болжээ.
Pfizer болон BioNTech компаниудын хамтран бүтээсэн вакцинаас 20 сая тунг 2021 оны хоёрдугаар улиралд хүлээж авахаар хэлэлцэж байгаагаа Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чун Се Кюн өнөөдөр мэдэгдсэн юм.
Харин Johnson & Johnson компанийн Janssen эмийн үйлдвэрээс 4-6 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг мөн хоёрдугаар улиралд хүлээж авахаар болсон байна.
Өмнөд Солонгосын засгийн газар 52 сая хүн амынхаа 85 хувийг дархлаажуулах хэмжээний вакциныг үйлдвэрлэгчдээс болон ДЭМБ-ын COVAX хөтөлбөрөөс авах зорилт тавиад байгаа юм.
Тус улс AstraZeneca компаниас вакцин авах гэрээ байгуулсан бөгөөд эхний ээлж нь нэгдүгээр сард нийлүүлэгдэнэ. Бас Moderna компанитай 20 сая тун вакцин авах гэрээ байгуулах ажил сүүлчийн шатандаа яваа юм.
Өмнөд Солонгосын хүн амыг вакцинжуулах ажил ирэх оны хоёрдугаар сард эхэлж, арваннэгдүгээр сард дуусах төлөвлөгөө гаргажээ. Вакцин худалдаж авахад зориулж ирэх оны төсөвтөө 1.3 их наяд вон ($1.2 тэрбум) нэмж тусгасан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!