АНУ-ын засгийн газрын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газар (FDA)-ын дэргэдэх гадны экспертүүдийн зөвлөл өчигдөр хуралдаж, Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгох эсэх асуудлаар санал хураажээ.
Зөвлөлийн гишүүдийн 17 нь дэмжиж, дөрөв нь эсэргүүцэж, нэг нь түдгэлзсэн тул АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжсэн байна.
Уг санал хураалтын үр дүн эцсийн шийдвэр болохгүй ч АНУ-ын засаг захиргааны гаргах шийдвэрт чухал нөлөө үзүүлэх юм.
FDA oдоо өөрийн мэргэжилтнүүдийн дүгнэлт дээр үндэслэн эцсийн шийдвэрийг гаргана. Шийдвэр өнөөдөр, эсвэл Бямба гарагт гарна гэсэн хүлээлттэй байна. Хэрвээ ингэж чадвал ирэх долоо хоногоос АНУ даяар хүн амаа вакцинжуулах ажил эхлэх юм.
Одоогийн байдлаар дэлхийн гурван улс Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд албан ёсны зөвшөөрөл олгоод байна. Эдгээр улсууд нь Их Британи, Бахрейн, Канад юм.
Их Британид энэ долоо хоногийн Мягмар гарагаас хүн амыг вакцинжуулах ажил эхэлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!