Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Pfizer/BioNTech компаниудын вакцинд зөвшөөрөл олгосон гурав дахь улс Канад боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Канад улс Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон дэлхийн гурав дахь улс болжээ.

Долоо хоногийн өмнө Их Британийн засгийн газар уг вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад хэрэглэхийг зөвшөөрсөн бол саяхан Ойрх Дорнодын Бахрейн улсын эрх баригчид мөн албан ёсны зөвшөөрөл олгосон юм.

АНУ-ын засгийн газар ойрын өдрүүдэд Pfizer/BioNTech-ийн вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдэх гэж байна.

Канад улс нь энэ вакцинаас 20 сая тунг авах гэрээ байгуулсан юм. Гэрээнд дахин 56 сая тунг авах нэмэлт боломж тусгагдсан гэнэ. Нэг хүнийг дархлаажуулахад хоёр тун вакцин хэрэглэх юм.

Энэ сард багтаж 249,000 тун вакцин Канадад ирэх ба хүн амыг вакцинжуулах ажил ирэх долоо хоногт эхлэх ажээ. Эхний ээлжинд эмнэлгийн эмч, ажилтнууд, асрамжийн газрын ажилтнуудыг хамруулахаар болсон байна.

Канад улсад одоо коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа үргэлжилж, нэг өдөрт 72,000-аас дээш халдварын тохиолдол бүртгэгддэг болоод байгаа. Засгийн газар нь вирусийн тархалтыг хязгаарлахын тулд зул сарын баяраар гэртээ байхыг иргэддээ уриалсан байна.

Нөхцөл байдал хамгийн муу байгаа Альберта мужид эрчимт эмчилгээний орны нөөцгүй болж, хөл хорионы дэглэм тогтоожээ.

Канадын эрх баригчид Pfizer/BioNTech-ийн вакцинаас гадна өөр гурван үйлдвэрлэгчийн вакциныг авах талаар судалж байгаа юм байна.

Тус улсын ерөнхий сайд Жастин Трюдо ирэх оны есдүгээр сар гэхэд хүн амынхаа ихэнх хэсгийг вакцинжуулалтад хамруулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian