Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: "Чингис хаан" музейн барилга есөн давхар, хоёр жилийн хугацаанд баригдаж дуусна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Музейн барилгын 2020 онд улсын төсвөөс санхүүжих дүн 53 тэрбум төгрөг.

/2020.04.02/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/215511796372985/

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өнөөдөр монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Засгийн газар 2019 онд Чингис хаан музейг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хаврын дунд сарын шинийн 17-нд ийнхүү эхлүүлж байна.

Энд монголын түүхийн судалгаа сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх болно. Мөн соёлын хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх юм. 

Энэ нь эх түүхээ, эх соёлоо дээдлэх, хайрлах үзлийг түгээх, төлөвшүүлэх ач холбогдолтой" гэв.

Төрийн тахилгат 10 уул, их гол мөрөн, нуурын рашаан усны дээжис, 21 аймгаас залж авчирсан үнэртний дээжис зэргийг хүндэтгэн залж, шүншгийг бэлджээ.

Музейд сургалтын танхим, номын сан зэргийг байгуулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Энэ бэлгэ дэмбэрэлтэй сайхан өдөр Эзэн Чингис хааныхаа музейг бүтээн байгуулах ажлыг эхлүүллээ. 

Музейн барилга хоёр жил баригдана, дээшээ есөн давхар, доошоо нэг давхартай байна. 

Энэ бол монголын ард түмний шүтээн музей болох болно. Төсөвт 53 тэрбум төгрөг суусан. Санхүүжилтэд гацах зүйл үгүй.

Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээх, соён гэгээрүүлэх ёстой. Түүхийн хичээлийг энд сургадаг байгаасай гэж бодож байна. Музейд сургалтын танхим, номын сан зэргийг байгуулна. Гадаадад байгаа Элчин сайдуудад тухайн оронд нь байгаа Их Эзэн хааны түүхтэй холбоотой үзмэр, дурсгалыг авчрах, эсвэл хуулбарыг авчрах үүрэг өгсөн" гэв.

Үзмэрийн тайлбарыг НҮБ-ын зургаан хэлээр орчуулан хүргэнэ

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр "Олон улсын эрдэмтэн судлаачид цуглан хурал зөвлөгөөн хийх боломжтой.
Мөн бодит үзмэрийг шилэн хоргоос үзээд гарах биш виртуаль байдлаар тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдийг бэлдэж байна.

Үзмэрийн тайлбарыг НҮБ-ын зургаан хэлээр орчуулан хүргэнэ. 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ.

Энэхүү музейдээ дэлхийгээр тарсан түүхэн дурсгал, үзмэрүүдийг авах, хуулбар авах талаар 36 улстай холбогдсон" гэв.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг,  дэд сайд Г.Ганбаяр, академич С.Чулуун, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар болон бусад төлөөлөгчид оролцлоо.

"Чингис хаан" музейн барилгын бүтээн байгуулалтын танилцуулга: