Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуу жолооч нарын балаг

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Тээврийн цагдаагийн албанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэдээс нийт 287 дуудлага, мэдээлэл хүлээн авсны 225 тохиолдол нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага ирсэн байна.

Хоногийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 зөрчлийг тээврийн цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлэн цаашид гарч болзошгүй хор, уршигаас урьдчилан сэргийлж ажиллажээ. 

12 дугаар сар гарснаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Өнгөрсөн шөнө согтуугаар жолоо барьж гаргасан зам тээврийн ослоос дурдахад: 

  1. Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо зүүн салааны гудамжинд T.Landcriuser-80 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Spacio маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас 2 хүн гэмтсэн.
  2. Сүхбаатар дүүргийн 12-р хороо 17-р сургуулийн зүүн замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж 1 хүн гэмтсэн.
  3. Баян-Зүрх дүүргийн 12-р хороо Сансар худалдааны төвийн хойд замд T.Prius маркийн автомашины жолооч Э нь T.Prius маркийн автомашинтай мөргөлдсөн.
  4. Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Баруун салааны замд T.Prius  маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Сонгино-Хайрхан дүүргийн 24-р хороонд байрлах хашаа болон гэрийг мөргөсөн зэрэг согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй ослууд гарчээ.

Зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос гадна, өөрийн үйлдлийг хянах чадваргүй үедээ явганаар зорчих хэсэг дээгүүр, гарцгүй газраар зам хөндлөн гарсан иргэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ.

Тухайлбал өчигдөр зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртжээ. Гэмтсэн иргэдийн дөрөв нь явган хүний гарцгүй газраар зам гарч яваад машинд мөргүүлсэн бол нэг нь гарцтай газраар гарч яваад машинд мөргүүлжээ.

Харин үлдсэн гурав нь тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа зам тээврийн осолд өртөж, бэртсэн байна.

Дуудлагын жолооч хэмээн иргэдийн автомашиныг жолоодож яваад осол гаргачихаад орхиж явсан зөрчил бүртгэгджээ

Мөн албан ёсны бүртгэлгүй цаашлаад жолоодох эрхийн үнэмлэхгүй, тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангилалгүй, жолоочийн даатгалгүй иргэд өөрсдийгөө дуудлагын жолооч хэмээн иргэдийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн осолд холбогдож ослын газрыг орхиж явдаг зөрчил бүртгэгдсэн байна. 

Иймд тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтандаа анхаарч нэгдсэн болон хэсэгчилсэн хяналт шалгалтыг ил болон далд хэлбэрээр, мөн иргэдийн өгсөн мэдээллээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй хүнийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байхыг анхаарууллаа.

Хэрэв тантай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн хүн ганцаараа явж байгаад зөрчил гаргасан, хохирсон тохиолдолд сүүлд хамт байсан хүмүүсийг шалгаж, хариуцлага хүлээлгэдэг болохыг анхаарах хэрэгтэй.

 

Эх сурвалж: ТЦА