Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн н.Батнасан: Преднизолон гэдэг тариаг охинд минь хийх ёсгүй байсан юм байна лээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэн н.Батнасан эрүүл мэндийн байгууллагын алдаатай үйлдлийн талаар Эрүүл мэндийн яамны гадаах талбайд өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр охиноо алдсан шалтгааныг эмчлэгч эмч нь буруу тариа хийснээс болсон хэмээн үзэж буй юм. Түүний охин талийгч Б.Т 2013 оны наймдугаар сард биеэр нь тууралт гарснаар 13А маягттайгаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ханджээ.

Иргэн н.Батнасан “Манайх Сэлэнгэ аймагт байдаг. Охины биеэр тууралт гарсны дараа Сэлэнгээс 13А маягт авч хотод ирсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт дөрөв хоногийн туршид шинжилгээ өгөх явцад А гэх эмч 2013 оны есдүгээр сарын 7-нд Преднизолон гэдэг тариаг хийсэн байдаг. Дараахан нь охин минь улам муудаж бие нь хөрч эхэлсэн.

Эмч дуудаад өгөөч гэхэд 20:00 цагт жижүүр эмчид үзүүлээрэй гэхээс өөр зүйл сувилагч нар хэлээгүй. Харин жижүүр эмч үзэхдээ зүгээр байна, санаа зоволтгүй гэсэн ч өглөө нь шинжилгээ өгөхөөр болоход охиноос цус авна гэхэд маш өтгөн хүрэн цус маш багаар л гарсан. Бие нь дээрдэхгүй байсаар 2013 оны есдүгээр сарын 11-нд охин минь нас барсан” гэсэн юм. 

Тухайн хийсэн тариа нь ямар үйлчилгээтэй гэдгийг ар гэрийнхэн нь мэдээгүй байсан бөгөөд цусан дахь сахрын хэмжээг ихэсгэдэг тариа гэдгийг сүүлд мэджээ.

“Преднизолон гэдэг тариаг охинд минь хийх ёсгүй байсан юм байна лээ. Энэ нь цусан дахь сахрын хэмжээг ихэсгэснээр цус өтгөрч, нөжрөн, судсаар гүйхээ больдог тухай дараа нь олж мэдсэн. Ингээд тарианы талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад байцаагч нь шалгах биш, эмч нарын талд орж, өвчний түүхийг засаж, системийн өвчтэй мэтээр бичсэн байсан” хэмээн тэрбээр мөн ярьсан юм.

Энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан ч зургаан жилийн хугацаанд ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаах гэж байгаа учир тэрбээр олон нийтэд үгээ хүргэж буй нь энэ юм.