Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

М.Болдбаатар: Залилах гэмт хэргийг шийдвэрлэх арга хэмжээний хүрээнд 463 хэрэгт эрүү үүсгээд байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэл, дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүд болон Нийслэл, дүүргийн прокурорын газруудын хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байсан “Залилах” гэмт хэргүүдийг шийдвэрлэх нэгдсэн арга хэмжээг хоёр сарын хугацаанд зохион байгуулж, өнөөдөр нэгдсэн дүнгээ гаргалаа.

Нийслэл дүүргийн прокурорын газруудын хяналтад 2019 оны есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 т заасан хэрэг бүртгэлтийн 5,651, мөрдөн байцаалтын 227, нийт 5,878 хэрэг шалгагджээ. 

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд шалгагдсан эдгээр 5,878 хэргээс 31.2 хувь нь буюу 1,836 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Хэрэг бүртгэлтийн 5,651 хэргээс 13 хувь буюу 735 хэрэгт эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг олж тогтоон, 463 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэдгийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын тасгийн дарга, дэд хурандаа М.Болдбаатар хэллээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр "Нийслэлийн хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 17-18 орчим хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Ихэвчлэн гадаад орны виз гаргаж өгнө, хамтарч хөрөнгө оруулна гэх залилан иргэдийг хохироож байгаа нь ажиглагдсан. Хэргийн илрүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар, хэргийн шийдвэрлэлт 20 хувиар өссөн.

Баянгол, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст бүртгэгдэж байгаа хэргүүдээс залилах гэмт хэрэг олон тоогоор үйлдэгдэж байгаа нь харагдсан. Нийслэлийн алслагдмал буюу гэр хороолол ихтэй газруудад залилах гэмт хэргийн гаралт бага байдаг" гэв. 

Гурван хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэргээр шалгагдаж байгаа

 
Гэрэл зургийг MPA.mn

Баянгол дүүргийн Ерөнхий прокурорын газрын орлогч Б.Эрхэмбаяр "Нэгдсэн арга хэмжээний үеэр манай дүүргийн прокурорын газрын хяналтад 1,200 гаруй гэмт хэргүүд шалгагдсан ба аяны хугацаанд 40.6 хувийг нь эцэслэн шийдвэрлэлээ. Залилах гэмт хэргүүд жилээс жилд өсөж байна. Манай прокурорын газрын хяналтад 2019 онд хэрэг бүртгэлтийн нээсэн хэргүүдийн 30 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, гурван хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэргээр шалгагдаж байгаа. Сүүлийн үед үйлдэгдэж буй залилангийн хэргүүд интернэт орчинд цахим хэрэгслүүдээр дамжин их үйлдэгдэж байна" гэлээ.