УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноов.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан гурван удаа хойшилсны эцэст ийнхүү хуралдсан юм.
Улмаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар буюу нийт хоёр жилийн хорих ял оноожээ.
Тэрбээр хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!