УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асуулаа.
- Сүүлийн үед Д.Гантулгын асуудлаар далимдуулж эрх баригч нам ҮХ-ийн өөрчлөлт нэрийн дор УИХ-д 30-аас дээш настай хүн нэр дэвших заалтыг оруулж ирж байна. Эрх баригч нам залуучуудын улс төрийн оролцоог багасгах, хүний эрхэнд халдах үйлдэл хийж байна гэж хардаж байгаа. Д.Гантулга гэдэг залуу алдсан байж болно. Үүгээр далимдуулан залуучуудын улс төрийн оролцоог хязгаарлах оролдлого хийж байна. Үүндээ тайлбар өгнө үү?
-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Өчигдөр Ж.Батзандан гишүүн байнгын хорооны хуралдаан дээр мөн энэ байр сууриа илэрхийлсэн. Сүүлийн үед иргэдээс УИХ-ын гишүүнд нэр дэвших насны хязгаарыг 35, 40 нас болгох талаар санал маш өндөр давтамжтай ирж байгаа.
Ер нь бол эрх баригч хүчин залуучуудын сонгох сонгогдох эрхийг хязгаарлах тухай байр суурь баримтлаагүй.
Энэ асуудал шийдэгдээгүй яригдаж байгаа санал гэдгийг хэлмээр байна.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлсэн юм.
Тэрбээр "Парламент бол ард түмний тусгал. Өнөөдөр хүн амын 70 гаруй хувь нь залуучууд боловч парламентад тэдний цөөхөн төлөөлөл бий. Эмэгтэйчүүд, үндэсний цөөнх, залуучууд, нам эвсэл гээд тал бүрийн төлөөл байх нь чухал. Харамсалтай нь дуулианыг далимдуулж цөөнхөө үгүй хийж байна.
Д.Лүндээжанцан гишүүн ард түмэн хүсч байна гэж худлаа ярилаа. Өнөөдөр дэлхий нийтийн хандлага залуучуудаа дэмжихэд чиглэж байгаа. Олон улсын парламентын холбооны зөвлөмжид 30-аас доош насны залуучуудыг нэр дэвшихэд 20 хувийн квот тогтоогооч ээ гэж заасан байгаа. Үүнийг дэлхийн 30 гаруй орон хэрэгжүүлээд явж байгаа.
Өөр асуулт асуух үг хэлэх гишүүн байхгүй учраас Д.Гантулга гишүүний хүсэлтийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалаа.
Хуралдаанд нийт 60 гишүүн оролцсоноос нууц санал хураалт явуулахад 45 гишүүн буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.
Тэрбээр Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, УИХ-ын даргатай гар барьснаар чуулганы танхимаас гарлаа.
УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн бөгөөд Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны өчигдрийн хуралдаанаар хүсэлтийг нь хэлэлцэж дэмжсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!