Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан Д.Гантулга гишүүний өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг уншиж танилцуулсан. Байнгын хорооны гишүүд хүсэлттэй холбогдуулан үг хэлж, асуулт асуугаагүй учир шууд санал хураалт явуулсан юм.
Байнгын хорооны 11 гишүүн/57.9 хувийн ирцтэй/ санал хураалтад оролцож, гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа.
Д.Гантулга гишүүнийг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.9 хувийн саналаар дэмжлээ.
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, эцэслэн шийдвэрлэнэ.
УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгөхөө мэдэгдсэн билээ.
Тэрбээр "Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдэд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа хэлмээр байна" гэж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!