Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Elite International MUN-д оролцсон сурагчид “Уур амьсгалын бодит нөхцөл” сэдвээр дөрвөн хэлээр хуралдлаа

ikon.mn
2019 оны 11 сарын 11
Сурталчилгаа

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн Elite International MUN буюу НҮБ-ын дөрөв дэх удаагийн загвар хурал 8-аас 10-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жилийн Elite International MUN-ийг "Climate Reality" сэдвийн хүрээнд хийсэн бөгөөд анх удаа англи, монгол, орос, хятад гэсэн дөрвөн хэл дээр болж байгаагаараа онцлог юм. НҮБ-ын үйл ажиллагааг сурагчдадаа таниулж, олон улсын мэдлэгийг нь өргөжүүлэх зорилготой энэ удаагийн загвар хуралд 500 орчим хүүхэд бүртгүүлснээс 180 сурагч шалгаран оролцсон байна.

Энэхүү загвар хурлын нээлтийн ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцааны аналист Б.Булганчимэг оролцсон юм. “Уур амьсгалын өөрчлөлт өнөөдөр дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Хэдийгээр Монгол Улс хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулдаг орнуудын тоонд багтдаггүй ч дэлхийн дулаарлын нөлөөнд хамгийн хүчтэй өртөж байгаа улсуудын нэг юм. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд улс бүр, иргэн бүрийн оролцоо чухал юм. Ийм чухал цаг үед сурагчид өөрсдийн санаачилгаар энэ сэдвийг сонгон хэлэлцэж, аливаа шийдлийг эрэлхийлж байгаа нь маш чухал бөгөөд үе тэнгийнхэндээ хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой таниулах ач холбогдолтой юм. Тиймээс бүх сурагчдадаа амжилт хүсье” гэсэн юм.

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 12-р ангийн сурагч Э.Цэлмэг өнгөрсөн жил EI MUN-д оролцож байсан бол энэ жилийн загвар хуралд зохион байгуулагчаар ажиллаж байна. Тус сургуулиас зохион байгуулдаг энэхүү загвар хурал нь хүүхдүүдийг аливаа асуудлыг өргөн хүрээнд харж, дүгнэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх чадварт суралцахад түлхэц болдог гэдгийг Э.Цэлмэг хэлж байлаа.

"Climate Reality" буюу “Уур амьсгалын бодит нөхцөл” сэдвээр загвар хурлыг явуулж байгаа тул зохион байгуулагч сурагчид бусад найз нөхдөдөө байгаль орчноо хамгаалах талаар ойлголт өгөх хүрээнд хурлын бүх хэрэглэгдэхүүнээр дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг сонгожээ. Тухайлбал, хуралд оролцсон бүх хүүхдийн мандат, улс орны нэрсийг байрлуулахдаа дахин боловсруулсан цаас ашигласан бол цаасан аяга тараахдаа тухайн сурагчийн нэрийг бичээд, хурал дуусан дуустал хаяхгүй ашиглахыг санал болгож байв.

НҮБ-ын гишүүн орнуудын 2030 он хүртэл биелүүлэх ёстой тогтвортой хөгжлийн 17 зорилгыг иргэн бүрт таниулах нь чухал байгаа. Тиймээс нэг сурагч ч гэсэн аягаа дахин ашиглаж, хаягдлаа багасгах талаар ойлголттой болж хэрэгжүүлж байгаа нь чухал алхам хэмээн зохион байгуулагч сурагчид үзэж байна.

Дөрвөн хэлээр анх удаа зохион байгуулагдаж байгаа учраас орос, хятад сурагчид болон энэ хэлээр гүнзгийрэн суралцдаг хүүхдүүд энэ удаагийн загвар хуралд оролцох боломжтой болсон билээ. Тэдгээр сурагчдын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссон юм.

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын 61-р лицэй сургуулийн багш, сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

Багш Мещерикова Ольга Александровна:

Бид Монголд анх удаа ирж байгаа бөгөөд “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн зохион байгуулж буй НҮБ-ын загвар хуралдаанд оролцож байгаадаа маш их баяртай байна. Манай хотод энэ төрлийн үйл ажиллагаа болдоггүй учраас үнэхээр сонирхолтой бөгөөд бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Багш хүний хувьд гайхаж байгаа нэг зүйл нь сурагч хүүхдүүд ямар ч том хүний оролцоогүйгээр өөрсдөө энэ хурлыг зохион байгуулж байгаад бахархаж байна. Мөн хүүхдүүд дэлхийн хэмжээний томоохон асуудлыг хэлэлцэж байгаа нь үнэхээр сонирхол татаж байгаа.

9-р ангийн сурагч Харламова Александра:

“Улаанбаатар Элит” сургуулийн зохион байгуулж буй НҮБ-ын загвар хурал маш гүн сэтгэгдэл төрүүллээ. Яагаад гэвэл дэлхий нийтийн өмнө тулгамдсан маш олон хүндрэлтэй асуудлуудыг хүүхдүүд өөрсдөө хэлэлцэж, олон талын байр суурийг олж мэдэх боломж олгож байна.

Ийнхүү санал солилцох нь маш чухал. Мөн хүүхдүүд өөрсдөө хурлыг зохион байгуулсан гэдгийг сонсоод үнэхээр бахархсан. Хүүхдүүд маань олон улсын хэмжээний ийм том асуудлуудыг хэлэлцээд сууж байгаа нь сонирхолтой бөгөөд янз бүрийн шийдвэр гаргаж байна.

10-р ангийн сурагч Гребеншиков Богдан:

Би бас Монголд анх удаа ирж, ийм арга хэмжээнд анх удаа оролцож байна. Их сонирхолтой байна. Харамсалтай нь манай хотод ийм арга хэмжээ зохион байгуулагддаггүй. Тиймээс энэ нь цаашид бидэнд маш том туршлага болно.

Хүүхдүүд өргөн цар хүрээ хамарсан дэлхийн хэмжээний асуудлуудыг хэлэлцэж, хуралд оролцсоноор хэл ярианы учр чадварт маш чухал. Дахин оролцмоор байна.

Төгсөх ангийн сурагч Борис Воронин:

Хүүхдүүд ийм арга хэмжээг зохион байгуулсныг үнэхээр гайхсан. НҮБ-ын энэ загвар хуралд оролцсон нь бидний хувьд том завшаан байлаа. Зөвхөн өөрийнхөө байр суурийг илэрхийлэхээс гадна өөр хоорондоо яаж хэлэлцээр явуулж, яаж нэгнээ сонсож, дүгнэлт хийх зэрэг олон ур чадвар олж авч байгаагаараа ач холбогдолтой санагдлаа. 

Цаашид өөрсдийнхөө хотод зохион байгуулахад туршлага болж байна. “Улаанбаатар Элит” сургуулийн зохион байгуулах НҮБ-ын загвар хуралд цаашид дуртайяа оролцоно.

Үйцай сургуулийн 11-р ангийн сурагч Г.Төгөлдөр:

НҮБ-ын загвар хуралд анх удаа оролцож байна. Миний хувьд хятад хэлээр ярьж оролцож байгаа тул орчуулагчаа сонсоод асуудлаа ярилцахад, дасахад жаахан хүндрэлтэй байлаа. Монгол хүүхдүүд Америк, Хятадын хүүхдүүдийн бодоход улс төр, эдийн засаг, олон улсын асуудлаас хол хөндий байдаг шиг санагддаг. Тиймээс НҮБ-ын загвар хурал нь асуудлыг олон улсын хэмжээнд харж, улсынхаа ирээдүйг олж танихад ач холбогдолтой гэж бодож байна.

Орчлон сургуулийн төгсөх ангийн сурагч Б.Биндэръяа:

“Улаанбаатар Элит”-ийн НҮБ-ийн загвар хуралд анх удаа орж байна. Өмнө нь нэг удаа өөр загвар хуралд оролцож байсан.

“Улаанбаатар Элит”-ийн зохион байгуулж байгаа загвар хурдлын ялгаа нь дөрвөн хэлээр явагдаж байгаа байдал. Цаг тухайд нь шууд орчуулж явах хэцүү байдаг. Тэгвэл энэ хурлыг дөрвөн хэл дээр шууд орчуулж, маш сайн зохион байгуулж байна гэж ажигласан. Олон хэлээр болж байгаагийн давуу тал нь монгол, орос, хятадаар ярьдаг хүүхдүүдэд оролцох боломж нээж байгаа. Яагаад гэвэл НҮБ-ын загвар хурал голдуу англи хэлээр болдог байсан тул зарим хүүхэд орох боломжгүй байсан болов уу.

Энэ жилийн бас нэг онцлог нь өмнө оролцдог байснаас илүү шинэ хүүхдүүд түлхүү орж байна. Тиймээс жил ирэх тусам улам сайжирч, их зүйл сурах байх.

Хурлын бас нэг ач холбогдол нь, хүүхдүүд зөвхөн одоогоороо амьдрах биш, ирээдүйгээ харж, ойлгоход нь тусалж байгаа.

ИСМ сургуулийн 12-р ангийн сурагч Шү Жиао:

Би энэ хуралд анх удаа оролцож байна. Миний хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг төлөөлөн ажиглагчаар оролцож байгаа.

Энэ хурал нь хүүхдүүд олон улсын хэмжээний асуудлуудыг ойлгож, тайлбарлаж, өөрөөр сэтгэж, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг нь маш сонирхолтой юм. 

ИСМ сургуулийн 12-р ангийн сурагч Литон:

Би бага ангид байхдаа Монголд ирсэн. Сургуулиудын зохион байгуулдаг НҮБ-ын загвар хуралдаанд хэд хэдэн удаа оролцож байсан. Элитийн загвар хурал анхных байсан бөгөөд олон хэлээр явагдсанаараа над шиг олон сурагчид оролцох боломж олголоо. Энэ хуралд оролцсоноор дэлхийн, олон улсын байгууллагууд ямар бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг, дэлхийд өрнөж байгаа асуудлуудыг улс орнууд яаж шийдвэрлэдэг зэргийг талаар мэдэж авдгаараа давуу талтай. Би Монголд 7-8 жил амьдрахдаа монгол сургуульд сурч байгаагүй. Харин өнөөдрийн хуралд оролцсоноороо өөр өөр сургуулийн хүүхдүүдтэй баг болон хамтран ажиллахын зэрэгцээ олон шинэ найзтай болж, нөхөрлөлөө улам тэлж байгаадаа баяртай байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.