Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

А.Тлейхан: 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэлх шөнийн тарифын хөнгөлөлт 11-р сарын 1-нээс үйлчилж эхэлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар мэдээлэл хийж байна 

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/337327253757441/

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Шөнийн тарифыг хөнгөлөх тухай Засгийн газрын 119 дүгээр тогтоол гарсан. Үүний дагуу гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлдөг билээ. 

2017 онд 6 тэрбум, 2018 онд 9 тэрбум, 2019 онд 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. 2020 онд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцоолол гарсан. Энэ нь Улсын төсвөөс гарч буй хөрөнгө.

Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ улам өссөөр байна. Жилд дунджаар 60-80 орчим мВт-аар нэмэгдэж байна.

Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн хэмжээнд 116 мянган өрх, улсын хэмжээнд 160 мянган өрх хамрагдаж байна. Ингэснээр арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх юм.  

 

Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан өөр өөр байгаа бөгөөд 220В бол 700кВт.цаг, 380 В бол 1,500 кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэглэгч 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар тооцож төлнө.

"Монголын нэг өрх сард дунджаар 220 кВт цахилгаан хэрэглэдэг"

 
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шөнийн тарифын хөнгөлөлтөд бүслэл зааж байгаа юу?

-Эхний жилд бүсээр ангилдаг байсан. Харин одоо бол гал түлдэг бүх өрх хөнгөлөлтөд хамрагдана. Ингэснээр улсын хэмжээнд 160 мянган өрх хамрагдахаар болсон. 

-Үргэлж алдагдалтай ажилладаг энэ салбар шөнийн тариф хөнгөлснөөр алдагдал улам ихсэх биш үү?

-Эрчим хүчний үнэ 16 хувиар өссөн. Хэдийгээр үнэ өссөн ч тарифын хөнгөлсөөр байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлдэг. Нэгдүгээрт, шөнийн тарифын хөнгөлөлт бол хоёрдугаарт, орон сууцны өрхүүд ч хөнгөлөлт эдэлж байна.

Монголын нэг өрх сардаа 220 кВт цахилгаан хэрэглэдэг. Нэг өрх жилдээ 111 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа. 

Салбар алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Өнгөрсөн жил 29 тэрбумын алдагдалтай гарсан. Энэ жил ч тодорхой хэмжээний алдагдал гарна. Гэхдээ тарифын өөрчлөлтөөр аль болох алдагдал багатай байлгахаар ажиллаж байна. Хамгийн чухал нь бид хэмнэлтийг бий болгож байна. Шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдийн төлсөн төлбөрөөс биш Улсын төсвөөс гаргадаг тул иргэдийн нуруунд ачаа болохгүй. 

-Төлбөрийн үлдэгдэлтэй өрхөд хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн яриа байгаа. Үүнд хариулт өгнө үү?

-Хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг төлөх нь иргэний үүрэг. Гэлээ ч төлбөрөө төлсөнгүй гээд хөнгөлөлт өгөхгүй, халаагуур ажиллуулах боломж өгөхгүй гэсэн үг биш.